Йемен улсын Аль Далиа тосгонд цэргийн жагсаалын үеэр босогчид пуужин харваж, халдлага үйлдсэн байна. Халдлагын үеэр багадаа таван хүн алагджээ.
Арабын Нэгдсэн Эмирт улсын дэмжлэгтэй аюулаас хамгаалах хүчний үйл ажиллагааны төгсөлтийн арга хэмжээн дээр цэргийн жагсаал хийж байжээ. Уг хүчин Йемений Засгийн газартай хамтран Хути босогчдын бүлэгтэй дайтах үйл ажиллагааны нэг хэсэг байсан юм.
Тиймээс халдлагыг Хути босогчдын бүлгээс зохион байгуулсан хэмээн буруутгаж байна. Одоогоор босогчид хариу мэдэгдээгүй ч өнгөрсөн наймдугаар сард тусгай хүчний төгсөлтийн жагсаал дээр хутичууд үүнтэй төстэй халдлага үйлдэж 30 гаруй хүн амиа алдсан юм.
Хути босогчдын бүлэг 2015 онд Йемений баруун нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноос хойш Засгийн газрын цэрэг, армитай мөргөлсөөр байна. Засгийн газрын цэргүүд болон хутичуудын мөргөлдөөний улмаас Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади хилийн чанад руу зугтсан юм. Өнгөрсөн хугацаанд 10,000-70,000 хүртэл хүн амиа алдсан гэж үздэг.
Эх сурвалж: www.bbc.com