Марокка улсын сэтгүүлч, тэмцэгч Омар Радигийн есөн сарын өмнө жиргэсэн постыг улсын шүүгчийг гутаан доромжилсон гэж үзсэн тул нэгдүгээр сард хэргийг нь шүүхээр авч хэлэлцэх гэж байна. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл багадаа жилийн хугацаанд хорих ял сонсох аж.
33 настай Ради олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилладаг ба авлигын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүлч гэдгээрээ алдартай. Human Rights Watch хүний эрхийн байгууллагын мэдээлснээр шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 2-ны өдөр эхэлнэ. Тус байгууллага Марокка улсын эрх баригчдад хандан сэтгүүлчийн хэргийг хааж, суллах хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Твиттер хуудсандаа 2018 оны зургадугаар сард Риф мужид болсон жагсаал хөдөлгөөнийг толгойлогчдод 20 хүртэл жилийн хорих ял оноосон шүүгчийг хурцаар шүүмжилсэн байна. Шүүгч Лахсен Толфи дөрөвдүгээр сард жагсагчдад ял оноох шийдвэр гаргасны дараа Ради “Шүүгч Лахсен Толфи бидний ахан дүүсийн эсрэг шийдвэр гаргасан гэдгийг бүгд мартаж болохгүй. Иймэрхүү эрх мэдэлтнүүдийг мартаж бас өршөөж үл болно” хэмээн бичжээ. Энэ жиргээнээс хойш 10 хоногийн дараа цагдаагаас түүнийг дуудсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Парламентын ордны гадаа Радийг дэмжигчид цуглаж, суллахыг шаардан жагсаал хийжээ.
Эх сурвалж: www.cnn.com