Хэнтийн аймгийн Хэрлэн сумаас 110 км-т байрлах малчин Ж-гийн гэр рүү энэ сарын 28-ны 22:40 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн Ү /47 настай, эмэгтэй/, Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б /38 настай, эрэгтэй/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Сураггүй болсон дуудлагыг энэ сарын 30-ны өдөр 00:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын нийт 20 хүн, 5 автомашинтай 01:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу очиход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн М /22 настай, эрэгтэй/, мөн байрны оршин суугч иргэн Б /16 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.