Япон улсад болох “Токио-2020” олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэр тодроод байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан тамирчдыг танилцуулъя.
Пара таеквондо
Г.Болор-Эрдэнэ
Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ. Тэрээр 2016, 2017, 2018 оны Азийн аварга бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 5, 6-нд Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн К44 ангиллын 61 кг-д алтан медаль хүртсэнээр “Токио -2020” паралимпид оролцох эрх авсан анхны тамирчин боллоо. “Токио-2020” паралимпид түүнтэй хамт оролцох тамирчин нь К44 ангиллын 49 кг-д мөнгөн медаль хүртсэн Х.Энхтуяа юм.
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сарын арваннэгдүгээр сарын 1-нд “Токио- 2020” олимпод оролцох эрхээ авсан дөрвөн багийн нэрийг зарласан юм. Энэ багуудын тоонд манай орны Зх3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг багтжээ. Ийнхүү Д.Ганзул, Б. Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б. Солонго нараас бүрдсэн багийнхан олимпод тоглох эрхтэй болсон нь Монгол Улс анх удаа багийн спортоор олимпод оролцох эрх авсан анхны тохиолдол болж байна.
Байт харваа
Б.Отгонболд
Тайланд улсын нийслэл Бангкокт болсон “Токио-2020” олимпийн эрх олгох Ази тивийн сорил тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон залуу харваач Б.Отгонболд Саудын Араб, Тайландын тамирчдыг ялж, шөвгийн наймд үлдсэн байна. Вьетнамын харваачид ялагдсан ч сорилын тэмцээнд нэг улсаас нэг тамирчин олимпод оролцох эрхээ авах журамтай учраас энэ эрхээ авчээ. Ингэснээр манай харваачид ес дэх удаагаа олимпод цэц мэргээ сорихоор болсон байна.
Чөлөөт бөх
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг
Казахстанд өнгөрсөн есдүгээр сард болсон чөлөөт бөхийн “Нур-Султан 2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +68 кг жинд дагах барилдаанд хүч үзсэн С. Батцэцэг Францын ДАШТ-ий хос алтан медальт Кумба Ларрокийг оноогоор цэвэр ялснаар “Токио- 2020” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.
ОУХМ Т.Тулга
Чөлөөт бөхийн “Нур-Султан 2019” ДАШТ-аас эрэгтэйчүүдийн 65 жинд өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин ОУХМ Т. Тулга дагах барилдаанд өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ийн мөнгөн медальт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялснаар чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрх авсан анхны эрэгтэй тамирчин болов.
Буудлага
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа
Катар улсын Доха хотод өнгөрсөн сарын 5-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Ингэснээр тэрээр долоо дахь олимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.
ОУХМ Э.Даваахүү
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ны өдөр зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хийн гар бууны төрлөөр ОУХМ Э. Даваахүү 177.9 оноогоор тавдугаар байрт шалгарснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Токио 2020 олимп нь түүний хувьд анх удаа оролцох гэж байгаа олон улсын тэмцээн юм.
Ц.Анударь
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд 22 настай Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол хангаснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцохоор боллоо.
ОУХМ О.Есүгэн
Доха хотод өнгөрсөн сард эхэлсэн буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны урт төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан буудлагын спортын гурав дахь тамирчин болж байна. Одоо 20 настай тэрээр энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Марафон
ОУХМ Б.Мөнхзаяа
Хонгконгт өнгөрсөн хоёрдугаар сард болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2: 35 цаг 44 секунд гүйж VI байрт шалгарчээ. 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэж байгаа тэрээр “Токио-2022” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна.
Пара пауэрлифтинг
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ
Казахстан улсын Нур-Султан хотод өнгөрсөн долдугаар сарын 11-21 хүртэл үргэлжилсэн энэ тэмцээнд гавьяат тамирчин Э. Содномпилжээ өмнөх амжилтаа ахиулж 247 жинг өргөснөөр түрүүлж “Токио 2020” олимлод оролцохоор болжээ. Харин түүний олимпийн бэлтгэл сургуулилт болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болсон байна.
Пара буудлага
ОУХМ З.Ганбаатар
Арабын Нэгдсэн Эмират улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд болсон пара буудлагын дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн бууны гар бууны дасгалд ОУХМ З.Ганбаатар хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж олимпод оролцох эрхээ авсан байна. Тэрээр “Инчён 2014” Азийн пара наадмын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн З.Ганбаатар, Г. Баярцэцэг, Р. Ганзориг нар багаараа мөнгөн медаль хүртсэн юм.
Пара байт харваа
Спортын мастер Н.Мөнхбаатар
Тайландад өнгөрсөн аравдугаар сард болсон Пара байт харвааны Азийн АШТ-аас эх орноо төлөөлөн оролцсон спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртжээ. 23 орны 107 тамирчин хүчээ сорьсон тэмцээнээс шалгарснаар ирэх жил Японд болох олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.
Х.ОЮУНБОЛД
2019.12.30 ДАВАА №258 (6225)