Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Мал тооллогыг улсын хэмжээнд аравдугаар сарын 7-17-ны хооронд явуулсан бөгөөд урьдчилсан дүнгээр 70 сая 949.9 мянган толгой мал тоологдож, Монгол Улс түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил боллоо.
“Малчин өрхийн тоо энэ онд 1700-гаар өссөн бол малчдын тоо 2018 онтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна” хэмээн ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Э.Мягмарханд мэдээллээ.
Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
§ Хонь 45.5 хувь
§ Ямаа 41.2 хувь
§ Үхэр 6.2 хувь
§ Адуу 5.9 хувь
§ Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.
Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44, 22 хувийг 25-30, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм.
Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд эдгээр малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.