ШИНЭ нам болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, "Цахим өртөө" ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Сонгуулийн хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа ажээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан Сонгуулийн тухай хуулиар гадаад оршин суугаа монголчууд санал өгөх боломжгүй болсон юм. Манай улсын 200 гаруй мянган иргэн дөрвөн тивийн 41 улсад амьдран суудаг юм.
Д.Амарбаясгалан: “Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын УЗ-ийн гишүүн
-“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Цахим өртөө” ТББ нь дэлхийн 4 тивийн 41 улсад амьдарч байгаа 200 гаруй монголчуудын төлөөллийг нэгтгэн анхны чуулганыг 2014 онд зохион байгуулсан. Бид гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг төлөөлөн ажилладгийн хувьд гадаадад байгаа монголчуудынхаа дуу хоолойг УИХ-ын сонгуультай холбоотой асуудал дээр хүргэж байгаа нь энэ.
Бид жилийн өмнө сонгуулийн эрхийн асуудлаар гадаад орнуудын туршлагаас судалж, УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Гэтэл гадаадад байгаа монголчуудынхаа эрхийг зөрчиж, сонгуулийн хуулийг баталж байгаа нь харамсалтай. Гадаадад монгол улсын 5 аймгийн хэмжээнд байгаа иргэд ажиллаж амьдарч байна. Тэд монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж, сурч, боловсорч байна. Гадаадад байгаа нэг монгол иргэний ард ээж, аав, эмээ, өвөө, үр хүүхэд нь, Монгол улс нь, харьяалагддаг дүүрэг, аймаг, хот нь оршиж байдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар гадаадад байгаа монголчуудаас жил бүр 300-400 сая доллар орж ирдэг байна.
Тэдний 60 мянга нь сурч, боловсорч байна. Тэд Монгол улынхаа хөгжил цэцэглэлт, сонгууль, улс төрийн амьдралыг гаднаас нь зураг мэт хардаг. Бүгд монгол хүнийхээ сонгох эрхийг эдэлье гэж хүсдэг. Тиймээс гадаадад байгаа монголчуудын саналыг авах боломжийг олгож, Сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьж өгөх хүсэлтийг ерөнхийлөгчид хүргүүлж байгаа юм.
н.Батцэцэг: "Цахим өртөө" ТББ-ын тэргүүн:
-Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэн, иргэний болон улс төрийн эрхийн 30 гаруй фактад нэгдэн орсон. Бид Үндсэн хуулиараа хаана ажиллаж, амьдарч байгаагаасаа үл хамаараад хуулийн өмнө эрх тэгш байхыг хуульчилсан. Гэвч 60 ба түүнээс дээш хугацаанд гадаадад зорчсон иргэдийг түр хасав гэдэг тэмдэглэгээг сая баталсан сонгуулийн тухай хуульд оруулжээ. Энэ бол Үндсэн хууль, хүний эрхийн фактуудыг зөрчсөн үйлдэл. Тиймээс бид ерөнхийлөгчид хандаж байна. Ерөнхийлөгч Сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавина гэж итгэж байна.