Канадын төрийн мэдлийн CBC телевиз “Гэртээ ганцаараа” киноны хоёрдугаар ангид өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гардаг хэсгийг хасч эфирээр цацсан байна. Тус телевиз Трампын гардаг үзэгдлийг киноноос хассан нь ямар нэг улс төрийн зорилгогүй хэмээн байр сууриа хамгаалжээ.
CBC телевизийн хэвлэлийн төлөөлөгч Чак Томпсоны мэдэгдсэнээр 120 минут үргэлжилдэг киног дэлгэцэнд гаргахдаа Трампын гардаг найман минутыг хасч танасан гэжээ. Энэ хэсгийг ноён Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө хассан байсан тул ямар нэг улс төрийн зорилго, сэдэлгүй хэмээн онцолсон байна.
Зул сарын баяр болсонтой холбогдуулан Трампын хэсгийг хассан киног энэ сарын эхэнд CBC телевизийн дэлгэцээр гаргах үед Ерөнхийлөгчийг дэмжигчид шүүмжилж эхэлжээ. Түүний том хүү Трамп Жуниор энэ талаар тун хөөрхийлөлтэй үйл явдал хэмээн дүгнэсэн байна.
Харин ноён Трамп 1992 онд дэлгэцэнд анх гарч байсан “Гэртээ ганцаараа-2” буюу “Нью-Йоркод орхигдсон нь” кино бол зул сарын улиралд хит болсон алдартай бүтээл гэж зул сарын баярын өмнөх өдөр хилийн чанадад алба хааж буй АНУ-ын цэргүүдтэй видео хурал хийх үеэрээ дурджээ. Мөн түүнийг харсан хүүхдүүд “та кинонд тоглосон хүн байна гэж шууд мэддэг, гэхдээ би арай залуухан байсан” гэжээ.
Америкийн төрийн тэргүүн болж сонгогдохоосоо өмнө Трамп Zoolander, Ghosts Can’t Do It зэрэг хэд хэдэн киноны зураг авалтад орсон байдаг ажээ.
Эх сурвалж: www.bbc.com