Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага ирснээс Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 9 дүгээр багийн 15 дугаар байранд орон сууцны өрөөнд гал гарсны улмаас 41 настай эрэгтэй угаартаж нас барсан байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхноос 4 настай эмэгтэй хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эсэн мэнд буулгаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн “Хоолой” гэдэг газар /Хатгал тосгоноос урд зүгт 15 км-т/ “Эг”-ийн голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:13 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 21:35 цагт очиход Хатгал тосгоноос Алаг-Эрдэнэ сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн харьяат иргэн М-ын эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашин суусан байсныг татаж гаргасан байна.