Театрын суудал дүүргэлт энэ жил 90 гаруй хувьтай байна
Улсын Драмын Эрдмийн Театрын 2019 оны ажил амжилтуудаас нь хуваалцахаар УДЭТ-ын маркетинг, төлөвлөлтийн албаны дарга С.Энхболдтой ярилцлаа.
-Оны эцэс болж байна. УДЭТ-ын хувьд 2019 оны төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлээд байна вэ?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. УДЭТ-ын хамт олон 2019 онд шинэ уран бүтээлийн ургац арвин, амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Энэ онд нийт дөрвөн шинэ уран бүтээл үзэгч түмэндээ хүргэсэн. Хамгийн эхний бүтээл бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч маань тайзны бүтээл болгож “Бүсгүйн зурвас” жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Мөн Ц.Балдоржийн “Хайрын виз” зохиолыг 13 жилийн дараа сэргээж Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн хүү, ОХУ-ын Гетсийн сургуулийн төгсөгч М.Батболд тайзнаа найруулан тавьсан. Мөн О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг шинэ залуу найруулагч А.Чингүн найруулж есдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон.
-Жүжгийн зохиолын уралдаан зарласан. Уралдааны үр дүнгээсээ хуваалцаач?
-УДЭТ-ын удирдлага, уран бүтээлийн багийн хамт олон уран бүтээлийн ил тод байдлын хүрээнд Монголын зохиолчдын эвлэл-тэй хамтраад жүжгийн зохиолын уралдаан зарласан. “Монгол жүжиг”-ийн зохиол төрөлд 50 гаруй жүжгийн зохиол ирсэн. Харин “Хүүхдийн жүжиг”-ийн зохиол төрөлд 80 гаруй бүтээл ирснээс гурван байр шалгаруулсан. Хүүхдийн жүжгийн төрөлд Ардын уран зохиолч Д.Урианхай гуайн жүжиг тэргүүн байр эзэлсэн.
-Шалгарсан зохиолууд хэзээ тайзнаа амилах вэ?
-Уралдаанд шалгарсан зохиолуудаа тайзны бүтээл болгох төслийн багийн сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс хүүхдийн жүжгийн уран бүтээлийн төслийн баг сонгогдож “Миний аав, миний баатар” жүжгийн бэлтгэлдээ ороод ажиллаж байна. Тус зохиол гуравдугаар байранд шалгарсан. Төслийн баг зохиолоо өөрөө сонгох эрхтэй байдаг. Тиймээс энэ жүжиг сонгогдоод театрын тайзнаа тавигдахад бэлэн болж байна. Онцгой зүйл гэвэл энэ жүжгийн зохиолч маань төслийн багийн найруулагчаар ажиллаж байна. Сонирхуулахад, Дорнодын театрын найруулагч СТА Б.Мөнх-Амьдрал мэргэжлийн чадвараа харуулж улсынхаа төв театрт өөрийн жүжгээ тавих гэж байгаа.
-Орон нутгийн найруулагчийн хувьд УДЭТ-т ирж жүжгээ тавина гэдэг ховорхон олдох боломж болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол маш том боломж.
-Хүүхдийн жүжиг 2019 ондоо багтаж тавигдах уу. Тов нь гарсан уу?
-Энэ оны дөрвөн шинэ жүжгийн нэг нь хүүхдийн жүжиг байгаа. 2019 онд хараахан багтахгүй. Одоо бэлтгэл ажил, сургуулилалт явагдаж байна. Оны дараа тайзнаа тавигдана.
-Улирч буй жилд танай театрын тайзнаа хэчнээн удаагийн давталттай хэдэн бүтээл тавигдсан бэ. Суудал дүүргэлт хэр байв?
-УДЭТ-ын тайзнаа 2019 онд 138 удаа жүжиг тавигдсан. Одоогийн байдлаар 60 гаруй мянган үзэгчдид үйлчилсэн байна. Тасалбар захиалгын хувьд өмнөх онуудаас давсан үзүүлэлттэй байгаа. Онлайн захиалгын хувьд 10 хувийн өсөлттэй байна. Тасалбарын 80 гаруй хувь нь онлайнаар зарагдсан. Суудал дүүргэлтийн хувьд 90 гаруй хувьтай байсан нь амжилт юм.
-Театрын үзэгчид нэмэгдсэн гэж ойлгож болох уу. Үүнд менежмент нөлөөлж байгаа байх тийм үү?
2019 оны жилийн ажлын тайлангаа дүгнээд байж байна. Монгол Улсад драмын урлаг харьцангуй хөгжиж байгаа. Сүүлийн арав гаруй жилтэй харьцуулбал зах зээлийн чиг хандлага өсөж байгаа нь ажиглагдсан. Мэдээж шинэ уран бүтээл бол менежментийн бодлоготой зайлшгүй холбоотой байдаг. Өнгөрсөн 2017, 2018 онуудтай харьцуулахад тоглолтын тоо нь өндөр хэдий ч орлого нь бага байсан. Харин энэ жил жүжгийн тоо цөөн байсан хэдий ч дундаж үзэгчдийн тоо өссөн. Орлогын хувьд 84 хувийн өсөлт харагдаж байгаа. Энэ нь чанартай уран бүтээл гарч, үзэгчид нэмэгдсэний баталгаа гэж хэлж болно. Бид драмын урлагийн ирээдүйг өөдрөгөөр харж байна.
-Театрын хувьд яг одоо хэчнээн уран бүтээлчтэй вэ. Залуу жүжигчид олон болсон нь харагдаж байна. Тэднийг хэрхэн дэмжин ажиллаж байна?
-Манай театр нийтдээ 40 гаруй уран бүтээлчтэй. Насны ангиллын хувьд дийлэнх нь 20-30 орчим насны залуучууд эзэлдэг. Тиймээс жүжгийн гол дүрүүдийг залуу уран бүтээлчид бүтээж байна. Үүний үр дүнд тоглосон уран бүтээлээрээ олонд танигдана. Тэр хэрээрээ уран бүтээлчдийн ур чадвар өсөж дэвшинэ.
-УДЭТ-ын хувьд орон нутгийн театруудтай холбоотой ажилладаг уу?
-Театр бол өөрөө соён гэгээрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүргийнхээ хүрээнд 2002 оноос хойш 21 аймагт тасралтгүй аялан тоглолт хийсэн. Драмын урлагийг хөдөө орон нутагт тасралтгүй авч явна гэдэг нь амжилт. Мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд дээр очиж тоглодог. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 2000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлдэг.
-Гадаад харилцааны талаар яривал. УДЭТ-ын уран бүтээлчид олон улсын тэмцээн уралдаанд хэр их оролцдог вэ?
-Гадаад харилцааны хүрээнд жүжигчдээ олон улсын уралдаан тэмцээнд дэмжиж ажилладаг. Энэ онд 2019 онд Эрхүү хотод зохион байгуулагдсан “Хүүхдийн жүжгийн анхдугаар наадам”-д театрын хамт олон “Царцаа Намжил” жүжгээр оролцож, “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртлээ.
Жүжигчин И.Одончимэг, Ц.Баясгалан, Ж.Оюундарь, С.Сарантуяа, Г.Алтангэрэл, Г.Номун, туслах найруулагч О.Итгэл нар олон улсад зохион байгуулагдсан фестивалиудад амжилттай оролцлоо. “Гэгээн муза” академи, Моно жүжгийн академи, гээд хоёр байгууллага маань драмын урлагийг хөгжүүлэх чиглэлээр жүжигчдийнхээ чадварыг сорьсон уралдаан тэмцээн зохион байгуулж байна.
-“Гэгээн муза” бол жүжигчдийн ур чадварыг сорьсон наадам. Энэ жил шинэ төрлийг нэмсэн. Энэ нь жүжигчдийг нээх, чадварыг нь сорих том алхам болсон байх?
-“Гэгээн муза”-д “Хоёр хүний жүжиг”-ийн төрөл нэмэгдсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх театруудын хүрээнд хоёр хүний жүжгийн төрлөөр уралдаанаа амжилттай зохион байгуулж чадсан. Энэ уралдаанаас шалгарсан залуу хос жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцож, Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож “Онцгой тоглолт” гэсэн шагнал аваад ирсэн. Бидний зүгээс дан ганц дотоодын зах зээл дээр ажилладаггүй. Уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд олон улсын тэмцээн уралдаан фестивалиудад дэмжиж ажилладаг.
-УДЭТ-т тоглогдож байгаа жүжгүүдээс гадна шинэ жүжгийн зохиолыг яаж олж байна. Яг драмын жүжигт зориулаад зохиол бичдэг зохиолч яруу найрагч ховор болсон. Жүжгийн зохиолын олдоц хэр байна вэ?
-Энэ бол маш чухал асуудлуудын нэг. Театр оршин тогтноход жүжгийн зохиол гол хүчин зүйл нь болдог. Зохиол нь байж, жүжиг тавигдана. Сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол жүжгийн зохиол боллоо. Бид 2017 оноос хойш театрын жүжгийн зохиол хомс байгаа асуудал дээр ажиллаж тодорхой хэдэн бодлого гаргаж ирсэн байдаг. Үүнийг дурдвал театрын дэргэдэх жүжгийн зохиолын багийг бий болгож жүжгийн зохиолуудаа бичиж хөгжүүлье, бичсэн зохиолуудаа урын сандаа хадгалж чанартай уран бүтээлээ тайзны бүтээл болгож тавья гэж шийдээд багаа бүрдүүлээд ажиллаж байна. Жүжгийн зохиол бичдэг мундаг зохиолчид гарч ирж байна. Шинэ үеийн зохиолчидтойгоо хамтран ажиллаж байгаа. Театрын жүжгийн зохиол гэдэг их чадвар шаарддаг. Зүгээр нэг хүн суугаад биччих зүйл биш шүү дээ. Тиймээс бид зохиолчидтойгоо уулзалт сургалт зохион байгуулж, үүний үр дүнд сайхан зохиолууд гарч байна.
- Уран бүтээлийн амжилт бүтээлээр дүүрэн ирэх оноо угтаж байна. 2020 оны ажлын төлөвлөгөөний хар зураг гарсан байгаа байх. Энэ талаараа уншигчидтай хуваалцаач?
-2020 оны төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Уран бүтээлийн хувьд нэгдүгээр сард “Миний аав, миний баатар” жүжиг тавигдана. Энэ жүжгийн хувьд ганцхан хүүхдэд зориулаагүй гэр бүлд зориулж хийж байна. Гол санаа нь дэлхий бол амьтай, дэлхийгээ хайрлая гэсэн санааг дэвшүүлсэн. Мөн Оросын алдарт зохиолч Л.Толстойн “Анна Каренина” сонгодог романыг тайзны бүтээл болгох бэлтгэл ажил маань 2018 оноос эхэлсэн. Урьдчилсан байдлаар 2020 оны хоёрдугаар сарын 28 гэсэн тов гараад байна.
-“Анна Каренина” жүжиг эрх онд тавигдах гэж байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүссэн нь ажиглагдаж байсан. Жүжгийн дүрүүдийг хэзээ зарлах вэ?
- Л.Н.Толстойн гурван шилдэг зохиол байдаг. “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” жүжгийг нь тавьж байсан. Одоо хоёр дахь бүтээл болох “Анна Каренина”-г тайзны бүтээл болгож тавих гэж байна. Мэдээж үзэгчдийн хүлээлт их байгаа. Тэр хэрээр Дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг жүжиг болгож тавина гэдэг бол найруулагч болон төслийн багт том хариуцлага. Тиймээс бүтээлийн шинжилгээ судалгааг хийж байна. Жүжигчдийг нийтэд ил зарлах хугацаа хараахан болоогүй. Найруулагч дүрээ сонгосон байгаа. Он гаргаад жүжгийн бэлтгэл эхэлнэ.
-Дэлхийн шилдэг романыг тайзны бүтээл болгоно гэдэг амархан зүйл биш байх. Зохиол дээр хэрхэн ажилласан бэ?
-Энэ шилдэг романыг тайзны бүтээл болгож тавина гэдэг хариуцлагатай ажил. Мөн цаг хугацаа их зарцуулагдана. Энэхүү бүтээлийн жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдагва, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Уран сайхны удирдагчаар УГЗ Н.Ганхуяг, ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, Ерөнхий продюсероор УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор СТА Б.Отгонбат гэсэн уран бүтээлчид ажиллаж байна. Саяхан ОХУ-ын Москва хотод очиж судалгаа шинжилгээний ажлаа хийгээд ирсэн. Мэргэжлийн академик байгууллагын хувьд хариуцлагатай ажил. Нөгөө талаараа нэр хүндийн ажил байдаг.
-Сонгодог жүжиг тавихад эдийн засгийн хувьд бэрхшээл тулгардаг уу?
-Мэдээж санхүү их шаардагддаг. Уран бүтээлийн зардлаа тухайн ондоо тусгасан төсвөөрөө хийдэг. Театр бол ашгийн бус байгууллага. Гэхдээ өндөр зардлаар уран бүтээл хийгээд ашиггүй ажиллахыг хүсдэггүй. Тухайн бүтээлээрээ богино хугацаанд зардлаа нөхөж олох гэж хичээж ажиллаж байна. Чанартай уран бүтээл хийхэд амьдрах хугацаа урт байдаг. 2015 онд “Ромео Жулета” жүжгийг тавьсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд 150 удаа тоглогдсон байна. “Тамгагүй төр” жүжиг гэхэд 20 жилийн өмнө хийгдсэн хэдий ч одоог хүртэл тавигдсаар байна.
- Залуучууд театрт жүжиг үзэх нь олширч байна. Тиймээс энэ насны үзэгчдээ хэрхэн бэлтгэж байна вэ?
-Театр оршин тогтнох гол үндэс нь үзэгч. 2015 оноос хойш үзэгчдээ бэлтгэх зорилгоор “Театр үзэгч” гэсэн бодлогыг санаачилсан. Үүний хүрээнд 70 гаруй сургуулиудтай хамтран ажиллаж байна. Жил бүр театрын үзэгчид нэмэгдэж байгаа нь энэ санаачлага үр дүнтэй байгааг харуулж байгаа юм. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад нийт үзэгчдийн 60-70 хувь нь 17-35 насны залуучууд байна. Нийгэмд ч энэ насны залуучууд дийлэнх байр суурийг эзэлдэг. Тиймээс бид залуучууд руу чиглэсэн уран бүтээл хийхийг зорьдог.