Сакура олон улсын сургууль нь 20 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт шинэ сургуулийн барилгын нээлтээ хийлээ.
Шинэ сургуулийнхаа барилгын нээлтэд зориулж Сакура олон улсын сургуулийн шилдэг сурагчид тууз хайчлан, өөрсдийн ая дуугаа өргөсөн юм.
Тус сургуулийн хувьд англи, япон хэлний, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой ажээ.
Хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Сакура олон улсын сургууль суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим гэх мэт бүхий л төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулан ажилладаг байна.
Сакура олон улсын сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Баясгалан “Манай сургууль англи, япон хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлдэгээрээ давуу талтай. Япон ханз үзсэн хүүхэд цаашид хятад болон солонгос хэл сонгон суралцахад амархан байдаг. Монголдоо олон улсын боловсролыг шилдэг багш нараар заалгахын зэрэгцээ тохилог анги танхимд суралцах нөхцөл бүрдэж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
Шинэ сургуулийн хувьд 9800 метр кв бүхий зай талбайтай, 2500 хүүхдийн хүчин чадалтай, 54 анги танхимтайгаас гадна урлаг, спортын заал, иж бүрэн лабораторитой ажээ.