Филиппин улсын төвийн бүсийн нутаг дэвсгэрт Урсула далайн хар салхи зул сарын баярын өдөр шуурч, багадаа 16 иргэн амь насаа алдаад байгааг эх сурвалж мэдээлжээ. Урсула буюу Фанфон далайн хар салхи цагт 190 км-ын хурдтай шуурч хэд хэдэн арлуудад хөрсний гулсалт үүссэн байна.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас зул сарын баярын олон арван мянган зорчигч боомтуудад хаашаа ч явж чадалгүй гацсан байна. Урсула 2013 онд Хайян хар салхинд өртсөн нутаг дэвсгэртэй тун ойрхон шуурсан гэжээ. 2013 онд Хайян хар салхины улмаас 6,000 гаруй хүн амь насаа алдаж байсан нь тус улсын түүхэн дэх хамгийн аюултай далайн шуурга болсон юм. Цагт 310 км хурдтайгаар шуурч байжээ.
Урсула хар салхи мягмар гарагт шуурч эхэлсэн бөгөөд төвийн хэд хэдэн арлыг дайран өнгөрч, пүрэв гарагт онц аюултай түвшинд хүрээд байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр амиа алдсан 10 гаруй хүний дунд гурван настай хүү байсан гэж мэдээлжээ. Илойло болон Капиз мужуудад хамгийн олон хүн амиа алдсан байна.
Түүнчлэн олон арван иргэн сураггүй алга болсныг мэдээлжээ. Илойло мужид л гэхэд багадаа 10 гаруй хүн сураггүй алга болжээ. Жуулчид хамгийн их очдог Боракай арал байгалийн гамшигт өртсөн байдалтай харагдаж байгаа ч нөхцөл байдал одоогоор тодорхой бус байна. Өнөөдрийн 11 цагийн байдлаар хар салхи Өмнөд Хятадын тэнгисийг чиглэжээ.
Эх сурвалж: www.cnn.com