СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаа нарын 41.9 сая төгрөгөөр худалдан авсан “Лада” машин ОХУ-д 26.4 сая төгрөгийн үнээр зарагддаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хэд хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газраас авто бааздаа 19 ширхэг цоо шинэ “Лада” маркийн автомашин худалдан авч, парк шинэчлэл хийлээ гэдэг мэдээлэл тархсан. Нийслэлийн цагдаагийн газраас нэг бүрийг нь 41,940,000 төгрөгөөр худалдан авсан тэрхүү автомашиныг үйлдвэрлэгч ОХУ-ын “Лада” компани уг загвараа ердөө 26,475,570 төгрөг буюу 625,900 рублиэр иргэд олон нийтэд худалдан борлуулдаг баримтыг та бүхэндээ хүргэж байна.

 “Лада” машиныг худалдан авах хөрөнгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санхүүжүүлжээ

 Гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг сайжруулах, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу гэмт хэргийн газарт цагдаагийн алба хаагчийг хурдан шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газар руу “авто машины төлбөр 41 дүгээр захирамж” гэх гүйлгээний утгатайгаар 112,950,000.0 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин 796,860,000.0 төгрөгийг “авто машины төлбөр 41 дүгээр захирамж” гэх гүйлгээний утгатайгаар НИТХ-ын данснаас Нийслэлийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байгааг та бүхэн харж байна.

Тендер шалгаруулалтад оролцоогүй компани “Лада” машиныг нийлүүлсэн үү

НЦУСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн уг худалдан авалтыг хэзээ, хэрхэн, ямар шалгуураар зохион байгуулсан талаар зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа нэлээн дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Тэрбээр “Нийслэлийн 172 хороонд хүрч ажиллах шаардлагын үүднээс тэнхлэг өндөртэй автомашиныг худалдан авах тендер зарласан. Тендер шалгаруулалтыг 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр 30 хоногийн хугацаатай явуулахад “Их хар сүлд”, “Руссиа Моторс” ХХК-ууд материалаа ирүүлсэн. “Их хар сүлд” ХХК нь олон жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй, туршлагатай багатай гэдэг үндэслэлээр хасагдаж “Руссио моторс” ХХК шалгарч худалдан авах ажиллагааг хийсэн” хэмээн хэлсэн юм.

Бид Нийслэлийн цагдаагийн газрын шилэн дансыг шүүж үзэхэд “Лада” машиныг худалдан авсан 796,860,000.0 төгрөгийг “Руссиа Моторс” ХХК руу бус харин “МСМ групп” ХХК руу шилжүүлсэн баримт гарч ирсэн юм.

“МСМ групп” ХХК ямар учиртай компани вэ

Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд уг компани нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани аж. Хувьцаа эзэмшигчээр нь ХБНГУ-ын “Л.Мелшерс Бэтайлигунгс” ХХК, АНУ-ын иргэн Дэвид Рейнер, Сингапурын Mongolia Equipment Services Pte.Ltd гэх хуулийн этгээдүүд бүртгэлтэй байв.

Мөн тус компанийн biznetwork сайтад тавьсан албан ёсны танилцуулга дээр ОХУ-аас автомашин оруулж ирдэг гэх ганц ч үг, өгүүлбэр байсангүй.

Цагдаа нарын 41.9 сая төгрөгөөр худалдан авсан “Лада” машин ОХУ-д 26.4 сая төгрөгийн үнэтэй

Бид ОХУ-ын “Лада” компанийн албан ёсны цахим хуудас болох https://www.lada.ru/ сайтад орж, Нийслэлийн цагдаагийн газраас худалдан авсан 4х4 URBAN, 5 хаалгатай загвар нь ямар үнээр зарагддагийг харахад 625,900 рубль буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн Монголбанкны нэрлэсэн ханшаар 26,475,570 төгрөгийн үнэтэй машин болж таарсан юм.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.