Айлчлан ирж буй 2020 он бол цахилгаан машины эрин байх болно гэдгийг энэ салбарын шинжээчид танилцуулж байна. Тэр дундаа Европын автомашин үйлдвэрлэгчид 2020 онд цахилгаан машины үйлдвэрлэлт, хөгжилд илүүтэй анхаарал хандуулна хэмээн дүгнэжээ.
Дэлхийн бусад хэсэгт байгаа үйлдвэрлэгчид ч мөн нүүрстөрөгчийн ислийг бууруулах шинэ үеийн цахилгаан машины загваруудад анхаарал хандуулж, эко тээврийн хэрэгслийн давалгаанд өртөнө хэмээн таамаглаж байна.
Өнгөрсөн хугацаанд цахилгаан машин /EV/ гэсэн нэр томьёо хэсэг бүлэг хүмүүст л хандаж байсан бол 2020 онд илүүтэй олонд танигдаж, өргөн хэрэглээний зах зээлийг эзэлнэ гэж үзэж байгаа юм. Европт 100 орчим цахилгаан автомашины загвар худалдаалагдаж байгаа бол 2020 оны сүүлээр 175 болж нэмэгдэн, 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй 330 орчим загвар худалдаанд гарна гэж тооцжээ. Энэ бол худалдан авагчдад сонголт хийхэд илүү таатай нөхцөл боломжийг бүрдүүлж буй явдал юм.
Үүнийг дагаад бензин түлшээр явдаг тээврийн хэрэгслүүдийн хэрэгцээ, шаардлага зах зээл дээр буурна. Их Британи улсаар жишээлэхэд 2019 онд цахилгаан машины борлуулалт 3,4 хувиар нэмэгдсэн бол 2020 онд 5,5 хувиар нэмэгдэнэ гэсэн дүр зураг ажиглагдаж байна.
Шинэ он гарангуут буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Европын Холбооны дүрэм журмын дагуу автомашин үйлдвэрлэгчид км тутамд дунджаар 95 гр-аас илүү нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг автомашин үйлдвэрлэвэл өндөр хэмжээний торгууль төлөх болно. Хэрэв уг хязгаарыг давбал илүү ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн грам тутамд 95 еврогийн торгууль төлөх ажээ.
Гэвч зарим томоохон үйлдвэрлэгчид цахилгаан автомашины зах зээлд хүч түрэн орох төдийлөн амаргүй байх болов уу гэсэн саналыг шинжээчид дэвшүүлж байна.
Эх сурвалж: www.theguardian.com