Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллага, хамт олон шинэ жилийн баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЦА-аас цагдаагийн 500 алба хаагч, ДХИС-ын 150 сонсогч нийт 650 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2019 оны 12 дугаар сард нийт 930 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 7,3 хувиар буюу 64 нэгжээр өссөн байна.
Мөн Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31367 зөрчил илрүүлснээс 25467 зөрчилд жолоодох эрх хасах, 13509 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 70 орчим хувь нь 18-35 насных бөгөөд 10 жолооч тутмын 1 нь эмэгтэй жолооч байгаа аж.
Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдолд цөөнгүй гарч байгаа тул байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулахыг ТЦА-аас анхаарууллаа.