Цас лавсан бууж, ойролцоох уулс манан дунд бүдгэрэн, байгаль дэлхий тэр чигтээ цагаан өнгөөр өөрийгөө хучсан талд ганц мод торойж харагдана. Эргэн тойронд нь өөр юу ч үгүй тэр модон дээр хадаг яндар байгаагаас үзвэл хүмүүс тахиж шүтдэг нь гарцаагүй. Гэвч яг л энэ шалтгаанаар хадгаар ороосон мөчир ургах боломжгүй болсноос гадна зарим нь унаж хугарчээ. Цор ганц байна гэдэг бахархмаар ч, бас зовлон шаналалттай аж.
Манайд яг энэ мод шиг цор ганц гэгддэг зүйлсийн нэг нь буурал уулсынхаа бэлд Улаанбаатар хотоос 340 км-ын зайд орших уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”. Үйлдвэрлэлийн хүчин чадал, зэс, хvдрийн олборлолт, баяжуулалт, төсөвт оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа ч тэр “Эрдэнэт үйлдвэр” Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг.
Боловсон хүчнийхээ 95 хувийг дотоодоосоо хангадаг, өрсөлдөх чадвараараа Азид нэгд, дэлхийд долоод ордог нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн чадал, чансааг илтгэнэ. Гэвч энэ л учир шалтгаанаар тус үйлдвэрийг, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудыг хардаж, сэрдэх тохиолдлууд тасардаггүй. Хамгийн сүүлд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн төдийгүй эрдэнэтчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Сэлэнгэ мөрний ай саваас ус татдаг хос ган хоолойг засах, шинэчлэх ажлын тендерт хятад компани хууль бусаар шалгарсан гэх ташаа мэдээлэл гарчээ.
Энэ хос ган хоолой 60 орчим км үргэлжилдэг бөгөөд усыг хэрэглэгчдэд хүргэх шугам сүлжээг оруулан тооцох юм бол 200 км хүрдэг гэнэ. Дээрх хоёр хоолой 40 жилийн өмнө ашиглалтад орсон, сүүлийн жилүүдэд 100 гаруй удаа цоорч, эвдэрч, гэмтжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоолойнуудыг засах, солих шаардлагатай гэдэг дүгнэлтийг аль 2014 онд гаргасан. Уг нь энэ ажилд хоёр ч удаа тендер зарласан байна. Гэвч шаардлага хангасан материал ирээгүйгээс тендерийг хүчингүй болгож, ямар нэгэн байгууллагатай гэрээ хийгээгүй гэнэ.
Гэтэл шийдвэр гарчихсан, тендер зарлаж, хятад компанийг шалгаруулах гэсэн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг хэл ам гарсан нь энэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төдийгүй эрдэнэт хотынхны хувь заяа энэ хоёр хоолой дээр тогтдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Иймээс хэзээ мөдгүй хагарахад бэлэн шугамуудыг солих нэн зайлшгүй шаардлага байгаа ч үнэн мөнийг тогтоохын тулд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, энэ ажлыг түр зогсоожээ. Холбогдох байгууллага шалгаж, тогтоосны дараа ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Энэ ажлыг түр зогсоосны учир 6000 гаруй хүний нэр төрийг сэвтүүлмээргүй байна. Шугам, хоолой засах, шинэчлэх ажлыг ямар компани хийх нь чухал биш. Бид стандартын дагуу хамгийн шилдгээр нь л хийлгэх зорилготой. Хоёр шугамын нэгийг нь засах хугацаанд нөгөөгөөр нь ус явуулах боломжгүй. Нэмэлтээр шугам тавьж байж нөгөө хоёрыгоо засаж, сэлбэнэ, шаардлагатай бол доторлоно. Шинээр сольж ч магадгүй.
Үүнийг мэргэжлийн хүмүүс нарийн судалгаа шинжилгээний үр дүнд тодорхойлно. Энэ бол Эрдэнэтийн ард иргэдийн ус хангамжийн асуудал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой объект” хэмээн ярьсан юм. Тэгвэл тус үйлдвэрийн Ус хангамжийн цехийн ерөнхий инженер Б.Баянбат “Цэвэр ус дамжуулах 800-гийн хоёр шугам маань Эрдэнэт хотыг, “Эрдэнэт үйлдвэр”-ийг хэрэгцээт усаар хангах зориулалттай. Одоо ажиллаж байгаа хоёр шугамын нэг нь 1974-1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон.
Бид Эрдэнэт хотын хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарч үе шаттай өргөтгөл хийж ирсэн. Байнга эвдэрч, цоордог учраас гурав дахь шугам татах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагаа, Эрдэнэт хотын хүн амын усны хэрэгцээ хангагдах нөхцөл бүрдэнэ. Энэ шугам хоолойгоор татсан усны 80 орчим хувийг үйлдвэрт, үлдсэн 20 хувийг иргэдийн хэрэгцээнд ашигладаг.
Энэ асуудал өнөөдөр гэнэт яригдаагүй. Таван жилийн өмнөөс яригдаж, энэ хугацаанд ТЭЗҮ-ийг хийсэн. 100 мянга гаруй хүний ундны усны найдвартай үйл ажиллагаа яригдана. Нэг шугамыг хамгийн удаандаа 4-5 цаг л зогсоох боломжтой. Хоногт 60 мянган орчим шоо метр ус энэ хоёр шугамаар дамждаг” гэж ярилаа.
Эрдэнэтийн гэр хорооллын цөөхөн иргэд л гүний ундны эх үүсвэртэй. Олонх нь буюу орон сууцанд амьдардаг иргэд энэ шугамуудаар дамжуулан ундны усаа авдаг байна. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн энэ ажилд 94 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ. Шугам хоолойг засах ажил нэг, хоёр жилээр хязгаарлагдахгүй, 3-4 жил шаардлагатай гэдгийг ч мөн онцолсон.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа “Үнэлгээний хороо байгуулагдаж, Үйлдвэр эрхэлсэн нэгдүгээр орлогч ахалж ажилласан. Хоёр удаагийн тендер амжилтгүй болсон. Гүйцэтгэгчээр ажиллаж чадах компани шалгараагүй нөхцөлд хуулийн дагуу захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхтэй.
Үндэсний аюулгүй байдал яригдаж байгаа учраас энэ асуудалд анхаарал хандуулж, чанарын шаардлага хангасан, олон улсын техник, технологийн дэвшилд нийцсэн компани шалгарах ёстой гэж үзэж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, сонгон шалгаруулалт явуулах үүрэг өгсөн. Энэ ажлын явцад эцсийн үр дүн гараагүй, гэрээ хийгээгүй байхад ташаа мэдээлэл гарлаа. Тендер хоёр дахь удаагаа хүчингүй болсон мэдээллийг оролцогч компаниудад хүргүүлсэн. Дараа нь ажлын хэсэг байгуулагдаад явах хугацаанд ямар нэгэн байдлаар бидэнд гомдол ирээгүй” хэмээн ярив.
Энэ мэтчилэн тус үйлдвэрийг БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг ашиглах гэж хичээдэг гэх агуулгатай мэдээлэл өмнө нь ч олон удаа гарч байж. Үнэн хэрэгтээ үйлдвэрт хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн 30 хувь нь ОХУ, 10 хувь нь дэлхийд техник технологиороо тэргүүлдэг Герман, Япон, 6-7 хувь нь Америк, Хятадынх гэнэ. Хүний шахаа байдаг гэсэн яриа ч мөн энэ үйлдвэртэй өнө мөнх дагалддаг зүйлсийн нэг.
Тэгвэл одоогийн удирдлага ийм зүйл байхгүй болсон гэдгийг тодотголоо. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрт дорвитой дэмжлэг үзүүлснээс гадна үйлдвэрийн захирлыг орлогч нараа мэдлэгтэй, чадвартай хүмүүсээр бүрдүүлэх үүрэг өгснөөр сайн боловсон хүчнүүд удирдлагын багт ажиллаж байгаа юм байна. “Эрдэнэт үйлдвэр” 40 гаруй цехтэй бөгөөд дарга нар нь мөн л сүүлийн гурван жилд тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа аж. Мөн ажилтнуудын 65 хувь нь 40 хүртэлх насны залуучууд. ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад 20 гаруй хүнээ сургалтад хамруулж буй гээд үйлдвэрийн ололт амжилт хар бараанаасаа олон.
Түүнчлэн бараа таваарын шахааг арилгахын төлөө ажиллаж буйгаа тэд онцоллоо. Тендерийн хороо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, хөндлөнгийн хяналт байнга тавьж, ажиллаж байгаа гэнэ. Мөн үргэлж л яригддаг цагаан тоосыг арилгахаар эрчимтэй ажлууд хийгээд эхэлжээ. Энэ онд үүнд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд үр дүн ирэх оны хавар гарах аж.
2016 онд тус үйлдвэр 180 тэрбум гаруй төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан. Харин энэ жил үүнээс тав дахин их орлого буюу 900 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн нь ажилтнуудаас шууд хамааралтайгаас гадна тоног төхөөрөмжөө шинэчилсний хүч гэнэ. Тухайн онд тоног төхөөрөмжийн насжилт өндөр, 55-77 хувь нь шинэчлэх шаардлагатай байж. Олонх нь хуучирсан, засвар үйлчилгээнд цаг алдахаас эхлээд илүү зардал их гаргаж байсан гэнэ. Тэгвэл тоног төхөөрөмжийг шинэчилснээр дээрх үр дүн бий болоход эергээр нөлөөлжээ.
Энэ бол уурхайчдын бүтээж буй хөрөнгө оруулалт бөгөөд нэг уурхайчин 140 сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн үг. Ийм амжилттай яваа хэдий ч тэд зарлагаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөжээ. Худалдан авах үйл ажиллагаанаас л гэхэд энэ онд 53 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Энэ мөнгө бол 280 хүүхдийн багтаамжтай 10 цэцэрлэг барих төсөв юм.
2019 оны байдлаар “Эрдэнэт үйлдвэр” хоногт 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт хоногт 230 сая орчим төгрөг төвлөрүүлсэн гээд тэдний амжилтыг дурдаад барахгүй. Гэсэн ч улсдаа ганцхан байдаг энэ үйлдвэрийг өөлөх, баалах хүний тоо цөөрдөггүй. Учир нь энэ бол цор ганц байхын зовлон.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд мөн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг 15 жилээр баталжээ. Тус чиглэлээ тав таван жилээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд таван жилээ нэг жилээр нарийн тооцоолсон аж. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжинэ.
Мөн нөөц баялгаа нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, 2017-2019 онд эрчимтэй, тодорхой ажлууд хийсний үр дүнд геологи, хайгуулаа 2-3 дахин нэмэгдүүлж, 20 сая орчим ам.доллар зарцуулжээ. Ингэснээр 2016 онд 40 жилийн нөөцтэй гэгдэж байсан “Эрдэнэт үйлдвэр” өдгөө нөөцөө 20 жилээр уртасгаж, 60 жил болгож чадав. Гэхдээ тэд ингээд болчихлоо гээд сэтгэл ханахгүй, цаашид ч энэ хугацааг нэмэхийн төлөө ажиллана гэсэн. Түүнчлэн хүдэр олборлолтын өртгийг 10 хүртэл хувиар бууруулах боломжтой болжээ. Цаашид он удаан жил ажиллах, үр ашгаа нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн төлөө төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг үйлдвэрийнхэн онцолсон.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд Засвар механикийн завод ажилладаг. Тус завод үйлдвэрийнхээ хэрэгцээтэй сэлбэг хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа гэнэ. Цаашид улсын хэмжээнд уул уурхайн салбарт нийлүүлэлт хийдэг үйлдвэр болохоор зорьж буй. Мөн бүтээгдэхүүнийхээ үнэлэмж өндөр, овор хэмжээ бага байхад анхаарахаас гадна төслүүд хэрэгжүүлснээр 1000 орчим ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байна. “Эрдэнэт үйлдвэр” бол хоногийн 24 цаг тасралтгүй ажиллагаатай, амьд организм шиг “амьсгалж” байдаг газар. Жилийн 365 хоногийн ердөө гурван хоног буюу 72 цагт нь үйлдвэрлэлийг зогсоох эрхтэй.
Энэ хугацаанд үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, засаж, сэлбэж, үлдсэн өдрүүдэд үйлдвэрлэлийг хэвийн явуулах бүхнийг хийх учиртай. Иймээс худалдан авах үйл ажиллагаа чухал. Чанаргүй сэлбэг, тоног төхөөрөмж авах эрх тэдэнд байхгүй. Тиймээс худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу явж байгаа гэдгийг тэд дахин дахин тодотгож байсан. Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байлгахын төлөө хичээж ажиллахаа ч амлав.
Сүүлийн 5-6 жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн төсөв, төлөвлөгөө янз бүрийн шалтгаанаар хуулийн хугацаанд батлагдаж байгаагүй гэнэ. Харин энэ онд ТӨҮГ болсноор үйл ажиллагаа тогтворжиж, олон зүйл тодорхой болсон гэдгийг үйлдвэрийн удирдлага онцоллоо. 2019 оны байдлаар “Эрдэнэт үйлдвэр” хоногт 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт хоногт 230 сая орчим төгрөг төвлөрүүлсэн гээд тэдний амжилтыг дурдаад барахгүй. Гэсэн ч улсдаа ганцхан байдаг энэ үйлдвэрийг өөлөх, баалах хүний тоо цөөрдөггүй. Учир нь энэ бол цор ганц байхын зовлон.