СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: МИАТ-т дотоод зохицуулалт хийхийг дэмжиж байгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

МИАТ ТӨХК-д бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг мэдээлэл гарч байна. Орон тоо нэмж, өргөтгөх талаар яригдаж байгаа юм. Уг асуудлаар бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. Мөн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл авлаа.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газрын энэ жилийн сүүлийн хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхийдөө дүгнэлт ярилаа. Атрын IV аян эхлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Мөн цахимаар өгч болох бүртгэлүүдийг нэг дор төвлөрүүлж, E-mongolia цахим бүртгэлийн үндэсний хороог зохион байгууллаа. Төр засгийн иргэдэд үйлчлэх төвийг шинээр байгуулна.

Та бүхний мэддэг "Элит" цогцолборыг 1111 төв рүү нүүлгэж байгаа. Тэнд гишүүд болон холбогдох албаны хүмүүс долоо хоног бүр жин дарж буй асуудлаар график гаргаж, үүнийг нь ЗГХЭГ-т нэгтгэхээр болж байгаа. Одоо бэлтгэл ажилдаа ороод хавраас дуусах байх.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн гэсэн үү?

-Он гарангуут төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Яг хэдэн хувиар нэмэгдүүлэх зэргийг ХНХ-ын сайд С.Чинзориг сайд дэлгэрэнгүй тайлбарлах байх. 

-МИАТ компанийн нисгэгчид хар тамхи татсан мэдээлэл Засгийн газар дээр ирсэн үү?

-Би өчигдөр Төрийн өмчийн хорооны даргатай уулзсан. МИАТ дээр шалгалт хийхийг үүрэг болгосон. Тогтоогдвол хариуцлага тооцно.

-МИАТ-т бүтцийн өөрчлөлт хийж орон тоо нэмэх гэж байгаа юм уу?

-Орон тоо нэмэх өөрчлөлт хийх талаар мэдээлэл байхгүй. Дотоод зохицуулалт хийхийг бол дэмжиж байгаа. Орон тоо болон төсөвт өөрчлөлт орохгүйгээр өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан бас нэг шийдвэр бол "Эрдэнэс Монгол", "Хөгжлийн банк" зэрэг Монголыг дэлхийд төлөөлөх газруудаа олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар менежментийн багтай хамтарч ажиллуулна. Зөвхөн Монголдоо биш Монголыг төлөөлж олон улсын зах зээлд тавих боломжийг олгож байгаа гэсэн үг.

Мөн утаатай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийсэн. Өмнөх жилүүдэд оруулж ирсэн түүхий нүүрс дуусаагүй учир бага зэрэг утаатай байна. Налайх, Гачууртад түүхий нүүрс хориглоогүй учир салхиар утаа орж ирж байна. Тиймээс сайжруулсан түлшийг хотын эргэн тойрны тосгодод тараах шийдвэрт хүрсэн.

Түүнчлэн он гарангуут Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гурван төсөл хэрэгжүүлэхээр болсон. Суурин газар, хотын төвийг холбосон соронзон галт тэрэг, гэр хороолол, хотын төвийг холбосон дүүжин машин явуулна. Зарим нэг машиныг хориглох шийдвэрт хүрсэн.

-МИАТ ХК дээр үүсээд байгаа асуудалтай холбогдуулан ЗТХ-ийн сайдад хариуцлага тооцох уу?

-Тодорхой болоогүй асуудал дээр Засгийн газар шийдвэр гаргахгүй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.