Монголын иргэний агаарын тээвэр компанийн онгоцны нисгэгч Б нь 2019 оны арваннэгдүгээр сарын 03-ны ХБНГУ-ын Берлин хотод зочид буудалд нислэг хооронд амрах үедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баригджээ гэдэг дуулиан өчигдөр дэгдсэн. Мөн Германд МИАТ-ын албан тушаалтнууд зочид буудалд амрах үеэрээ архидаж, улмаар ус алдсаны улмаас тухайн зочид буудалд их хэмжээний хохирол учруулсан зэрэг маш ноцтой мэдээллүүд гарч олон нийтийг түгшээгээд байгаа юм. LIVETV.mn сайт уг мэдээллийн дагуу МИАТ ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдоос дээрх асуудлуудаар тайлбар тодруулга авснаа хүргэж байна.
МИАТ ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд:
Манай нисгэгч архи уух юм уу, ямар нэгэн бодис хэрэглэсний улмаас манай нислэг хойшлоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. О.Баасанхүү гишүүн манай нэг нисгэгч нислэгээ согтуугаар үйлдсэн мэт зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Болсон явдал нь юу байсан бэ гэхээр 11 дүгээр сарын сарын 03-ний өдөр манай нэг нисгэгч эрүүл мэндийн шалтгаанаар нислэг үйлдэх боломжгүй байна гэж хэлээд зорчигчоор сууж ирсэн байгаа. Ирснийхээ дараа тэр хүн хэд хэдэн нислэг үйлдсэн. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манай төлөөлөгчийн газраас энэ ажилтан хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсний дараа холбогдох байгууллагад хандаж, өөрийнхөө ажилтантай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагаас авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн тухайн ажилтныг ажлаас нь чөлөөлсөн байгаа.
-Танай байгууллагын ажилтан хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр ч тохиолдол байгаа гэдгийг эх сурвалж өгсөн. Танай ажилтнуудын энэхүү үйлдэл нь арван нэгдүгээр эхэнд болон сүүлээр болсон учраас хоёуланг арванхоёрдугаар сарын 06-ны өдөр нэг тушаалаар чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Арваннэгдүгээр сарын сүүлээр манай нэг нисгэгч нислэгийн хооронд амрах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглээд зочид буудалдаа ус алдсан тохиолдол гарсан. Та бүхэн мэднэ. Өвлийн улиралд манай компани Германы чиглэлд 7 хоногт хоёр удаа нислэг үйлддэг. Нислэгийн хугацаанаас хамаараад нисэх багийн ажиллах цагийг харгалзан экипажаа Германд амраадаг. Амрах хугацаанд нь энэ асуудал гарсан. Гэхдээ ийм асуудал гаргасных нь төлөө тэр хүмүүстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцласан.
-Энэ хүмүүсийн буруугаас болж нислэг хойшилсон. Улмаар МИАТ ХК олон зуун мянган ам.долларын алдагдал хүлээсэн гэх мэдээлэл байгаа?
- Энэ хоёр үйлдэлтэй холбоотойгоор нислэг нэг цагаар ч хойшлоогүй. Манай нислэг сааталгүйгээр ирсэн.
-МИАТ ХК-ийн ажилтан хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон нь үнэн гэдгийг цагдаагийн байгууллагаас өгсөн?
-Манайд энэ ажилтан хар тамхитай холбогдсон гэдэг албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна.
-Танай нэг ажилтан чинь “Би бурхантай уулзмаар байна” зэрэг хэвийн бус зүйл ярьсан нь үнэн үү?
-Ер нь бол бид нислэгийн аюулгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд шалгасан. Энэ хүн нислэг үйлдэхээр ирэхдээ ийм үйлдэл гаргаагүй. Амарч байхдаа зөрчлийг гаргасан байгаа. МИАТ ХК нь жилдээ хоёр удаа нисгэгчдээ сургалтад хамруулдаг. Арваннэгдүгээр сарын 03-ны өдөр сургалтад хамрагдаад буцаж байсан нисгэгч таарсан учраас тухайн нислэг саатаагүй.
-Танай ажилтан архи уусны учраас зочид буудал 300 мянган ам.долларын хохирол учруулсан юм биш үү?
-Тийм хэмжээний хохирол учруулаагүй. Тийм хэмжээний мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэл ирээгүй.
-Тэрхүү архидан согтууралтад танай хэдэн ажилтан оролцсон бэ?
-Манай ажилтнууд өрөөндөө нэг нэгээрээ байрладаг. Онгоцны ахмадаас нь асуухад “Би тэр үед гэр бүлтэйгээ дэлгүүр хэсэж байсан” гэж хэлсэн. Нисгэгч маань өрөөндөө ганцаараа байхдаа согтоод унтсан л юм билээ. Хэчнээн хүн хамт архи уусан гэдэг мэдээлэл байхгүй.
-Танай ажилтнууд согтуурсан эсвэл мансуурсан үедээ нислэг үйлдэхгүй гэх баталгаа байгаа юу?
-Манай ажилтнууд нислэгт орохын өмнө хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тестэд хамрагддаг.
-Танай нисгэгчтэй холбоотой асуудал цацагдсан даруйд хүмүүс танайхаас захиалсан тийзээ цуцлах юм уу өөрчилсөн үү?
-Ямар ч тийм асуудал гараагүй.