Хятадын иргэн Тереза Шу өнгөрсөн жилийн өдийд Бээжин хотын эмнэлэгт ханджээ. Тэрээр өндгөн эсээ хөлдөөж, хадгалуулах талаар хэлэлцэхээр эмнэлэгт очсон боловч тус эмнэлгийн эмч Шуд тусалж чадахгүй, учир нь ганц бие эмэгтэйн өндгөн эсийг хөлдөөх нь дүрэм журам зөрчсөн үйлдэл болно гэжээ. Эмч үргэлжлүүлэн 31 настай ч ганц бие яваа Шуд хандан эгчийн хувиар хурдан гэрлэж, хүүхэд төрүүлэхийг зөвлөсөн байна.
Энэ хариултыг сонсоод Шу маш их гайхаж, сэтгэлээр унажээ. Эмчийн зөвлөгөө түүнийг маш эвгүй байдалд оруулж, уур бухимдлыг нь төрүүлж яг л учраа олоогүй төөрсөн нялх хүүхэд шиг санагдсан байна.
Хэдэн сарын дараа бүсгүй Бээжингийн Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын эмнэлгийг шүүхэд өгөхөөр шийдэв. Тус эмнэлгийг ийм хэргээр шүүхэд өгч буй анхны тохиолдол ажээ. Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг нь ганц бие бүсгүйн өндгөн эсийг хөлдөөж, хадгалахаас татгалзсан нь түүний хувийн орон зай, хүний эрхэнд халдсан үйлдэл гэж Шу буруутгасан байна.
Хэрэг Хятад орон даяар тархаж, ганц бие бүсгүйчүүдийн эрх олны анхаарлыг татаж, талцуулах нөхцөл байдал үүсчээ. Эх сурвалжийн дурдсанаар Хятадад ойрын жилүүдэд эмэгтэйчүүд гэр бүл зохиож, хүнтэй гэрлэх нь хожуу болсон бөгөөд зарим нь огт гэрлэлгүй насыг барах нь ч нэмэгдсэн байна. Тус улсын нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт зөвхөн гэрлэсэн хосууд өндгөн эсээ хадгалуулах дүрэм журам үйлчилдэг ажээ. Харин ганц бие эмэгтэйчүүд өндгөн эсээ хадгалуулахын тулд гадаад орныг зорьж 10,000-18,000 хүртэл ам.долларын зардал гаргадаг байна.
Шу Бээжингийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандахаасаа өмнө гурван ч эмнэлэгт хандсан боловч татгалзсан хариу авсан нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлж буй явдал гэжээ. Түүний хэлснээр хувийн амьдралаа хэрхэн зохиох, хүүхэдтэй болох эсэх нь өөрийнх нь эрх юм. Хятад эмэгтэйчүүд ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүсийн дарамтад орж хүнтэй гэрлэж, хүүхэд гаргадаг, зарим нь өндгөн эсээ хөлдөөж хадгалуулах боломжтой гэдгийг ч мэддэггүй ажээ. Энэ даваа гарагт Шу анхны шүүх хуралдаа орсны дараа энэ талаар Хятадын хамгийн том цахим сүлжээ Weibo-д есөн сая удаа хаштаг хийж бусдад хүрсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com