Дуучин Жастин Биебер зул сарын баярын өдөр шүтэн бишрэгчдэдээ хандан 2020 онд урлагийн тайзнаа эргэн ирнэ гэдгээ амласан байна. Канадын поп од он гарангуут буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Yummy нэртэй шинэ сингл цомгоороо бэлэг барихаа мэдэгджээ. Энэ нь түүний тав дахь студийн цомог болж байна.
Түүнчлэн энэ жил 25 настай дуучин ирэх жилийн таваас есдүгээр саруудын хооронд АНУ болоод төрөлх нутаг Канад улс даяар аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэдгээ танилцуулжээ. Өнгөрсөн жил найз бүсгүй Хэйли Рөүдтэйгээ гэрлэсэн дуучин 2015 оноос хойш студийн цомгоо гаргаагүй байсан юм. Харин 2020 он бол түүний хувьд ажил хөдөлмөр, уран бүтээл оргилсон завгүй жил байх ажээ.
Шинэ онд Биебер цоо шинэхэн телевизийн баримтат цувралаар үзэгчидтэй уулзана гэдгээ ч мөн зул сарын баяраар шүтэн бишрэгч, сонсогчдодоо бэлэг барин дуулгалаа. Поп од 2017 онд Purpose нэртэй дэлхий даяар хийж байсан аялан тоглолтынхоо сүүлчийн 14 хоногийн тоглолтыг дуусгалгүй цуцалснаас хойш дуу хөгжмийн ертөнцөд хэсэгхэн завсарлага аваад байсан юм.
Энэ оны эхээр Биебер мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлээс татгалзахаар тэмцэж байгаа болон сэтгэлзүйн хүнд байдалд орсноо цахим сүлжээнд нийтэлж, дэлхий дээрх хамгийн их үзэн ядагдаж буй хүн мэтээр өөрийгөө дүрслэн бичсэн байжээ. Хүүхэд байхаасаа урлагт байр сууриа олсон залуу уран бүтээлчийн дууг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 50 тэрбум гаруй удаа үзэж, дэлхий даяар 60 сая гаруй удаа цомог борлуулсантай тэнцэхүйц хэмжээнд амжилтад хүрсэн гэж дүгнэжээ.
Эх сурвалж: www.bbc.com