ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн ажлаа тайлагнаж, ирээдүйгээ төлөвлөж, шинэ оны өмнөхөн хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. Тэрээр өнгөрсөн долоо хоногт гурван цагийн турш хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр Ерөнхийлөгчөөс асуулт асуусан Ямал мужийн орон нутгийн телевизийн сурвалжлагч бүсгүй ажлаасаа халагдсан байна.
Ямал мужид үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн телевизийн сувгийн сурвалжлагч Алиса Яровскаяа Ерөнхийлөгчөөс асуулт асууснаас хойш хэдхэн хоногийн дараа ажлаасаа халагдаж, чухам яагаад халагдсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ажээ. Зарим эх сурвалжууд Арктикийн Ямал мужийн эрх баригчид Алиса Яровскаяагийн Путинд тавьсан асуултад таагүй хандаж, сэтгэл дундуур үлдсэн хэмээн мэдээлсэн байна.
Харин сурвалжлагч бүсгүй түүнийг ажлаас халсан нь хувийн шинж чанартай үйлдэл гэж үзжээ. Энэ сарын 19-ний өдөр Путины хийсэн хэвлэлийн бага хурал дээр микрофон сэтгүүлчдийг тойрон Алиса дээр ирсэн байна. Путины төлөөлөгч Дмитрий Песков Ямал мужийн телевизээс өөр сэтгүүлч асуулт тавихаар сонгосон байсан ч Алиса микрофоныг дур мэдэн авч, дэлхийн дулаарал Арктикийн бүс нутагт нөлөөлж буй талаар, орон нутгийн дэд бүтэц, төмөр зам, барилга байгууламж, зам гүүрийн талаар асуулт тавьсан байна. Тус мужийн захирагч Дмитрий Арткюхов дэд бүтцийн салбарт тулгамдсан асуудлыг бодитоор харахыг хүсэхгүй байна хэмээн сурвалжлагч бүсгүй шүүмжилж, холбооны эрх баригчдын түвшинд хүрч шийдэгдэх эсэхийг Ерөнхийлөгчөөс асуужээ. Путин уг асуултад хариулахдаа бүс нутагт барих шинэ гүүр нь маш чухал холбоос болох учир Засгийн газар анхааралдаа авч, цаашид ч үйл явцыг хянаж анхаарал хандуулна гэсэн байна.
Ura.ru сайтад нийтэлснээр Ямалын эрх баригчид сурвалжлагч бүсгүй хажууд байсан телевизийн ажилтнаас микрофоныг нь булааж аван, хөндлөнгөөс орж ирсэнд тааламжгүй хандсан хэмээн бичжээ. Орон нутгийн эрх баригчид тус телевизийг эзэмшдэг байна.
Эх сурвалж: www.bbc.com