- Энэ оны эхний арван сарын байдлаар 4000 эмэгтэй өсөлтгүй жирэмслэлт болсон гэдэг өр өвтгөм мэдээ сонсов. Өсөлтгүй жирэмслэлтийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (ЭХЭМҮТ) дараах сурвалжилгыг бэлтгэлээ -
Биднийг очиход ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийн сандал дээр 18-40 насны арван эмэгтэй сууж байв. Тэдний зарим нь гадуур хувцсаа гартаа барин, цэнхэр өнгийн улавч өмсөж, цагаан, ягаан өнгийн дэвтэрийг хойш урагш эргүүлэн сууна. Үзүүлэх дараалал нь болохоор нэг удаагийн цагаан бээлий, цэнхэр нөмрөг, амны хаалттай сувилагч бүсгүй гарч ирээд “Ороод ир” гэж дуудна.
Энэ тасгийг гурваас доош сартай буюу жирэмсний эхэн үед ураг зулбахад цэвэрлэдэг өрөө гэж ойлгож болно. Харин тус тасгийн эсрэг талын хонгилд “дутуу тээлт”-ийн тасаг бий. Тасгийн үүдээр тэргэнцэр дээр суусан цэнхэр өнгийн хувцастай бүсгүй дусал залгуулж, сувилагчаар түрүүлээд цахилгаан шатанд суугаад явав.
Харин тав орчим насны хүүгээ хөтөлсөн идэрхэн насны аавын том алаг нүдэнд нулимс цийлэгнэж, хүүдээ “ээж нь удахгүй ирнэ” хэмээгээд эхнэрийнхээ араас санааширан зогсох нь өр өвтгөм. Тэрбээр “Бидний хоёр дахь хүүхэд. эЭхнэр минь одоо долоон сар хагастай. Өчигдөр өдөржин гадуур явж, шинжилгээ хийлгээд шөнө гэнэт цус алдаж эмнэлэгт ирсэн. Шинжилгээгээр ураг хэвийн бойжиж байна гэж өчигдөрхөн сонссон.
Гэтэл шөнө их хэмжээний цус алдаж, ус нь гараад яаралтай хагалгаанд орох болчихлоо. Хүүхдийн зүрхний цохилт сайн мэдэгдэхгүй байна гэж эмч нар хэлсэн. Магадгүй ураг амьгүй болсон байх магадлалтай гэж хэлсэн. Гэхдээ өмнөх төрөлт болон саяхныг хүртэлх шинжилгээ хэвийн байсан болохоор зүгээр байх гэж найдаж байна” хэмээсэн юм.
Харин бидний хажууд сууж байсан 40 орчим насны шар нэхий дээл, эрээн ороолт, саарал өмд, хар гутал өмссөн ах ийн ярив. “Эхнэр маань дөрвөн сартай жирэмсэн байгаад зулбаж, хагалгаанд ороод одоо хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нар ураг зулбасан шалтгааныг эмэгтэйчүүдийн өвчлөл, үрэвсэл ихтэй байснаас болсон гэсэн. Өмнө нь бас зулбаж байсан болохоор дахиад зулбачихлаа. Анх хяналтад ороход ургийн зүрхний цохилт муу байна. Сайн ажиглаж, хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Энэ хотын утаанаас болж хүүхдүүд эндэх тохиолдол их байдаг гэсэн. Харин энэ жил утаа багассан ч өсөлтгүй болон амьгүй хүүхэд төрөх нь ялгаагүй л байгаа юм биш үү” гэлээ.
“Дутуу тээлт” гэсэн тасагт хорь гаруй ээж хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүний зарим ураг нь гэдсэн дотроо амьгүй бол зарим нь дутуу төрөх магадлалтай, тогтоох эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Мөн энэ тасагт ураг зулбаж, цаашид өсөх боломжгүй учраас цэвэрлүүлэхээр хэвтэж байгаа ээжүүд цөөнгүй байлаа.
Ургийн хөгжлийн эрт үед буюу гурван сар хүртэл үр хөврөл амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэдэг бөгөөд ихэвчлэн 12 долоо хоног хүртэлх хугацаанд тохиолддог байна. Өсөлтгүй жирэмсэн үүсэх янз бүрийн шалтгаан байдаг бөгөөд жирэмсний эхний хагаст тохиолддог аж. Ингэхдээ гол шалтгаан нь удамших, халдвараас, дотоод шүүрлийн, аутиомунны нөлөөгөөр өсөлтгүй жирэмсэн болдог ажээ.
Удамшлын хүчин зүйл нь үр хөврөл үүсэх үед хромсомын өөрчлөлтөөс болж жирэмслэлт таслагддаг аж. Мөн өндгөн эс боловсрох болон бие гүйцсэн эр бэлгийн эс үүсэх явц өөрчлөгдсөнөөс хромосом богиносох буюу алга болдог аж. Үүнд сэтгэл санааны хямрал, тамхи татах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэх, архи уух, экологийн таагүй хүчин зүйл болон дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.
Харин халдварын улмаас өсөлтгүй жирэмслэлт болох нь архаг болон хурц халдвар, вирусийн, бактер, мөөгөнцрийн халдвар болон үтрээний үрэвсэл голлодог гэнэ. Ургийн өсөлт зогсоно гэдэг бол эхээс урагт хангалттай хэмжээний хоол тэжээл, агаар очиж чадахгүй байна гэсэн үг юм. Ургийн өсөлт зогсох нь эх ураг хоёрын аль нэгнээс хамаарч болно. Тодруулбал, эх өөрөө зүрх судас, уушгины өвчтэй бол урагт хангалттай хэмжээний хоол тэжээлийг цусаар дамжуулан өгч чаддаггүй.
Мөн эх нь архаг болоод жирэмснээс шалтгаалсан даралт ихсэх өвчтэй, чихрийн шижин, савны үрэвсэл, гажигтай, хоол тэжээлийн дутагдалд орсон эсвэл цэвэр агаар, чанартай сайн хоол хүнс хэрэглэдэггүй, янз бүрийн хордлого нэн ялангуяа химийн бодисонд хордож байсан болоод хортой орчинд ажиллаж, амьдардаг, архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг, жирэмснээс сэргийлэх эм тариа, нэн ялангуяа депо провера тариаг нэг жил түүнээс удаан хугацаагаар хэрэглэж байсан бол ургийн өсөлт зогсох магадлал өндөр байдаг гэнэ.
Ц.Мөнхнасан: Яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт дунджаар зургаан эмэгтэй өсөлтгүй жирэмслэлт оноштойгоор ханддаг
Өсөлтгүй жирэмслэлтийн талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Ц.Мөнхнасангаас тодрууллаа.
-Танай тасагт өдөрт хэдэн эмэгтэй өсөлтгүй жирэмслэлт болж ирдэг вэ?
-Манай тасагт өсөлтгүй жирэмслэлтээр хандах хүмүүсийн тоо харилцан адилгүй. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар зургаан эх өсөлтгүй жирэмслэлт болж хандах болсон. өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдоод хэвтэн эмчлүүлж байгаад ургийг эхээс салгах, зулбаад ирж цэвэрлүүлэх гээд хоёр янз бий. Өсөлтгүй жирэмслэлтийн шалтгаан нь одоогоор тодорхой бус. өсөлтгүй жирэмслэлт болоод ургийг цэвэрлэж гаргасны дараа шинжилгээ хийж байж шалтгаан нь тодорхой болдог.
-Шинжилгээний хариунаас харахад ураг ихэвчлэн ямар шалтгаанаар өсөлтгүй болсон байдаг вэ?
- Ихэвчилэн үрэвсэл, халдвараас болж өсөлтгүй жирэмслэлт болдог.
- Өсөлтгүй жирэмслэлтийг цус алдахаас өмнө буюу өөрөөр хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Ургийн зүрхний цохилт эхогоор үзэхэд зургаан долоо хоногтойд орж ирсэн байх ёстой. Харин зарим тохиолдолд долоо хоногоор хожуу орж ирэх үе бий. Зургаан долоо хоногтойд ургийн зүрхний цохилт орж ирэхгүй байвал “өсөлтгүй жирэмслэлт, цэвэрлүүл” гэж хэлэх боломжгүй. Долоо хоног харзнаж, эмчилгээ хийж байгаад оношлож үздэг. Хэрэв үнэхээр харзнаад ч өсөлтгүй л бол ургийг дахин хэвийн бойжуулах боломжгүй. Зарим ээжүүд өсөлтгүй гэдгээ мэдсэн хэрнээ шинжилгээгээ өгөөд хэвтэж цэвэрлүүлэхгүй хугацаа алдаад байдаг. Гэнэт их цус алдах, эрсдэлд орсон хойноо ирж цэвэрлүүлэх нь цөөнгүй. Манай тасагт хэвтээд эмчлүүлээд цэвэрлүүлэх юм бол дараа дараагийн төрөлт болон өөрийн эрүүл мэндэд нэн чухал.
-Хэрэв ямар нэг бэлгийн замын халдварт өвчтэй эх жирэмслэхэд эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юу?
-Бэлгийн замын ямар халдварт өвчинтэй вэ гэдгээс шалтгаална. Хэрэв заг хүйтэн зэрэг өвчинтэй байх юм бол эрүүл хүүхэд төрнө. Харин тэмбүүтэй, тэр нь оношлогдохгүй байсаар төрөх юм бол төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх юм. Тэмбүүтэй гэдгээ эрт мэдээд оношлуулаад эмчилгээ хийлгэх юм бол эрүүл хүүхэд төрөх боломжтой.
Дөрвөн сараас дээш сартай ураг өсөлтгүй болох юм бол амьгүй болсон гэж үздэг байна. Учир нь үүнээс хойш төрөлтийн үе шат явагдаж эхэлнэ. Нэгэнт том болчихсон ургийг заавал хэвтэн эмчлүүлж байж, ямар аргаар ургийг эхээс салгаж авахыг шийддэг байна. Харин зарим ээжүүд хэнэггүй зангаасаа болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол багагүй байдаг.
Тухайлбал, хяналтдаа эрт хамрагдаж, ургийг эрүүл бойжиж байгаа эсэхийг хянуулаагүй учраас эрсдэлд ордог. Мөн ураг амьгүй болох нэгэн шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт гэдгийг албаныхан хэлж байв. Эрүүл, саруул бойжиж байгаа хэрнээ зулбалтын эм ууж, их хэмжээгээр цус алдаж, ургийг амьгүй болгох тохиолдол байдаг гэнэ. Түүнчлэн тэмбүүтэй эмэгтэй олширч, энэ халдвараас болж өсөлтгүй ураг төрдөг ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө өсөлтгүй жирэмслэлтийн тоо 700 гаруй байв. Харин энэ тоо сүүлийн гурван жилд дөрвөн мянга хол давжээ. Аав, ээждээ амьдрал бэлэглэж, хорвоод мэндлэх бяцхан иргэн эхийнхээ хэвлийд долоон сартай байхдаа амьгүй болж, хорвоогоос буцна гэдэг аймшигтай юм. Хэрхэн юунаас болж, өсөлтгүй, амьгүй ургийн тоо нэмэгдэж байгаа нь тодорхой бус.