Испанийн Коста дель Сол амралтын газарт зул сарын баярын амралтаа өнгөрөөж байсан гэр бүлийн гурван гишүүн эндэхийн усан санд живж амиа алдсан байдалтайгаар зул сарын өмнөх өдөр олджээ. Амиа алдсан иргэд Их Британиас ирсэн болохыг мэдэгдсэн байна.
Есөн настай британи охин усан санд живж, түүнийг аврахаар орсон ах, аав хоёр нь цуг амиа алдсан гэж эх сурвалж мэдээлжээ. Амралтын газраас гэр бүлийн гишүүдийг усан сангаас олсон даруйдаа яаралтай түргэн тусламж, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлсэн ч хожимдсон байсан гэжээ. Мөн хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах явцад бүх бололцоогоор тусална хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Эхэлж усанд живсэн есөн настай охиныг аврах гэж усанд орсон ах нь 16 настай, аав нь 52 настай байсан гэдгийг The Guardian мэдээллээ. Албан бус эх сурвалжийн дамжуулснаар аав, охин хоёр Британийн, өсвөр насны хүү Америкийн иргэншилтэй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com