Хонконгийн нутаг дэвсгэрт ойрын долоо хоногуудад харьцангуй нам жим байсан ч зул сарын өмнөх шөнө буюу өчигдөр орой Санта Клаусын хувцас малгай, цаа бугын эвэртэй жагсагчид дахин цугласан байна. Жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүд, аялал жуулчлалын төв болсон гудамж талбайд цугласан ба цагдаа нартай мөргөлдсөн талаар эх сурвалжууд дамжууллаа.
Цагдаа нар ардчиллын дэмжигч жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, халуун чинжүү, бороохой ашиглан тараахыг оролдсон бол жагсагчид цагдаа нар луу шатамхай бодис шидэж харилцан дайрчээ. Жагсагчид банкинд халдсан бөгөөд гал тавьсан гэж цагдаа нар мэдэгдэж байна. Худалдаа, үйлчилгээний төвүүдэд зул сарыг угтаж борлуулалт, үйлчлүүлэгчид нэмэгдсэн тулд тэдгээрийг жагсагчдаас хамгаалахын тулд олон зуун цагдаа нар хамгаалалтад гарчээ.
South China Morning Post хэвлэлд нийтэлснээр шөнө дундад буюу 24-25-ны өдөрт шилжих шөнө 00 цагт жагсагчид төдийгүй цагдаа нар зул сарын мэнд хүргэж мөргөлдөөнөө намжаасан ч удалгүй дахин үргэлжилсэн гэж мэдээлжээ. Жагсагчдын дунд багтсан 25 настай Нигел Чан “Хонконгийн иргэд зул сарын баярыг урьд өмнөх шигээ л өнгөрнө гэж бодсон байх. Гэхдээ энэ жилийн зул сар өөр байх болно, энэ бол тэмцэх цаг” хэмээн ярьжээ. Мөн Мэри гэх эмэгтэй “зул сар бол амралт, баярын улирал боловч шоронд хоригдож байгаа жагсагчдын хувьд тийм биш. Бид зогсож болохгүй” хэмээн ярьсан байна.
Хонконгийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч жагсагчдыг нийгмийн дүрэм журмыг эвдэж, зул сарын баяр тэмдэглэхэд саад учруулж байна гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com