Америк, Хятад улсууд эдийн засгаараа уралдаж, худалдааны тулаанд ханцуй шамлан орсон. Нэгдсэн улсын эдийн засаг өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлээд байгаа бол Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж өрнөдийн эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ оны гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сарын хооронд Хятадын эдийн засгийн өсөлт 6,5 хувь байсныг Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ. Reuters агентлаг энэ хугацаанд 6,6 хувиар Хятадын эдийн засаг өснө гэж таамаглаж байсан юм.
Зунаас хойш өмнөд хөрш хэт өндөр зээл, Нэгдсэн улстай эхлүүлсэн худалдааны зөрчил зэрэг хэд хэдэн том сорилтуудтай тулгарсан. Цаашид ч эдийн засгийн өсөлтийн хурдаа алдаж магадгүй гэж шинжээчид дүгнэлээ.
Өнөөдөр танилцуулсан дүн 2009 онд дэлхийн эдийн засаг хямарснаас хойш хамгийн удаан өссөн үзүүлэлт гэжээ. Зарим ажиглагчид Бээжингийн эрх баригчид Нэгдсэн улстай худалдааны зөрчил үүснэ гэж тооцоолоогүй учраас эдийн засагтаа хэт өндөр эрсдэл бий болгосон гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com