Дээрх зураг бол 15 цаг тасралтгүй ойн түймэр унтраахаар тэмцэж байгаад ээлжээ сольж буй гал сөнөөгч Даниель Нокс. Тэр ямар ч цалин хөлс, хариу нэхэлгүй Австрали улсад асч буй ойн түймрийг унтраахаар тэмцэж буй олон мянган зоригт залуусын нэг юм. “Бид үүнийг өөрсдийн хүсэл зоригоор хийж байгаа. Энэ бол ахан дүүсийн барилдлага, нөхөрлөл” хэмээн Нокс ярьжээ.
22 настай, зураач мэргэжилтэй залуу ойрын долоо хоногуудад утсаа чагнан эх нутгаа хамгаалах хариуцлагатай үүргээ гүйцэтгэн явж байна. Тэр Шинэ Өмнөд Уэльсийн орон нутгийн гал сөнөөх хүчинд харьяалагддаг. Уг байгууллагыг дэлхий дээрх хамгийн том сайн дурын гал сөнөөх хүчин гэж үздэг байна. Бүрэн бэлтгэгдэж, сургалтад хамрагдсан 70,000 гишүүнтэй ба цөөн тооны удирдах ажилтнуудаас бусад нь ямар ч цалин, хөлсгүй зүтгэдэг ажээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид асч буй ойн түймэр Европын жижиг улстай адил хэмжээг хамарсан байна. Түймрийг цурманд оруулж унтраахаар 3,000 орчим гал сөнөөгч өдөржин, шөнөжин гурван сарын турш ажиллажээ. Эдгээр гал сөнөөгчдийн 90 хувь нь цалингүй буюу сайн дураараа тусалж байгаа юм.
Тус тивийн зуны улиралд Викториа, Өмнөд Австрали, Баруун Австрали зэрэг мужуудад ойн түймэр гарах нь нийтлэг үзэгдэл ажээ. Энэ жилийн хувьд Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт хамгийн өргөн хүрээг хамарсан түймэр асч байгаа юм. Түймрийн хажуугаар агаарын температур цельсийн 44 хэм хүртэл халж нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
Эх сурвалж: www.bbc.com