СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хатан хаан Элизабет 2019 оныг “адармаатай” жил хэмээн дүгнэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабет уламжлал ёсоор зул сарын баярын мэндчилгээгээ илгээхэд бэлдэж урьдчилан бичүүлжээ. Уг бичлэгийг маргааш буюу зул сарын баярын өдөр улс орон даяар цацах юм байна. Эх сурвалж ВВС агентлаг хатан хааны баярын мэндчилгээнд дурдагдсан зарим зүйлсийг сийрүүлжээ.

Бичлэгийг Виндсор шилтгээний ногоон өрөөнд хийсэн ба хатан хаан Анжела Келлигийн урласан хөх цэнхэр өнгийн кашмерэн даашинз өмссөн байна. . Энэ жил 93 насыг зооглож буй хатан хаан ширээн дээрээ гэр бүлийнхнийхээ зургийг тавьсан байсан юм.

Европын Холбооноос гарах гэж багагүй саад бэрхшээлийг туулж буй Их Британи улсын хатан хаан улиран одож буй 2019 оныг бүхэлдээ адармаатай, амаргүй жил байсныг хэлсэн байна. Хатан хаан “бидний явж буй зам шулуун дардан байна гэж хэзээд үгүй, гэвч бага багаар алхвал үл ойлголцлыг анагааж болно” хэмээн ярьжээ.

Хатан хааны хэлснээр 2019 он тийм ч нам жим, амар амгалан жил байсангүй. Брекситээс гарах арга замаа ололгүй, ойрын таван жилийн хугацаанд гурав дахиа дундын сонгууль явуулж улс төрд тогтворгүй байдал давамгайлснаас гадна хааны удмын гэр бүлийн гишүүд олны анхаарлын төвд орсон үйл явдлууд тохиосон билээ.

Хоёрдугаар Элизабетийн нөхөр Эдинбургийн гүн 98 настай Филип Лондон хотын эмнэлэгт дөрөв дэх шөнөө өнгөрөөсөн байна. Тэрээр долдугаар Эдвард хааны эмнэлэгт сайн байгаа гэдгийг ханхүү Чарльз даваа гарагт мэдэгдсэн ч олон нийт санаа тавьсаар байгаа юм. Эдинбургийн гүн энэ оны нэгдүгээр сард Норфолкод машинтайгаа явж байгаад осол хийсэн. Филип бэртэж гэмтэлгүй өнгөрсөн ч түүний машинд мөргүүлсэн хоёр эмэгтэй эмнэлгийн тусламж, зөвлөгөө авах шаардлагатай болсон юм.

Сассексын гүн болон гүнгийн авхай нар энэ оны есдүгээр сард Өмнөд Африкт айлчлах үеэрээ хэвлэлийнхний бай болж тэдэнтэй тэмцэхээ мэдэгдсэн билээ. Өнгөрөгч сард ханхүү Харри, түүний эхнэр Меган Мэркл нар Их Британи, Америкийн дунд цаг заваа тэгш хуваарилна гэжээ. Түүнчлэн Иоркийн гүн, хатан хааны гурав дахь хүүхэд Эндрю бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жефри Эпстэйнтэй холбоотой эсэх талаар мэдээлэл гарснаас хойш тэрээр өнгөрсөн сард олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, хааны удам залгах хоёр дахь үеийн ханхүү байсан бол зэрэг дэв ухарч, найм дахь үе болон хойшилсон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.