Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржоор ахлуулсан баг энэ долоо хоногт Вьетнам улсад хоёр хоногийн хугацаатай айлчлаад ирсэн.
Айлчлалынхаа хүрээнд Вьетнамын Олон нийтийн аюулгүй байдлын яамны сайд То Ламтай уулзаж хоригдол солилцох гэрээнд гарын үсэг зурсан тухай Монгол улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна.
Одоогоор Вьетнам улсад хоригдож байгаа Монгол иргэн байхгүй ч цаашид Вьетнамыг зорих Монголчуудын тоо нэмэгдсээр байгаа гэж мэдээлжээ. Тиймээс уг харилцан зөвшилцлийн гэрээ хилийн чанадад байгаа монголчуудын эрхийг хамгаалахад чухал алхам болсон гэж албаныхан үзсэн байна.
Гадаад харилцааны яамны мэдээгээр нийт 174 монгол иргэн гадаадын улс орнуудад ял эдэлж байгаа гэнэ.
Харин Монгол улсад 19 гадны иргэн ял эдэлж байгаагаас Вьетнамын хоёр иргэн байна.
Эх сурвалж: www.xinhuanet.com