НМХГ-ын Улсын байцаагчид Өвөр гүнтийн товчоогоор Улаанбаатар руу нэвтэрсэн 122 машинд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 90-17 УНБ bongo машины жолооч А нь гурван шуудай түүхий нүүрсийг 61-ийн гармаас Улаанбаатар хот чиглэлд тээвэрлэж явсныг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Өнгөрөгч бямба гарагт Хан-Уул дүүргийн шуурхай штабын утсанд энэ сарын 21-ний өдөр наймдугаар хорооны 12 дугаар гудамжинд байрлах айл түүхий нүүрс хадгалж түлээд байна гэх мэдээллийн дагуу шуурхай штабын бүрэлдэхүүн 14.00 цагт газар дээр очиж хяналт шалгалт хийхэд “Иргэн Б нь өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Баянтээг сумаас 1 тн орчим түүхий нүүрс өрхийн хэрэгцээнд татан түлж" байсан хэрэг илэрчээ. Тэрбээр “Өдрийн цагаар сайжруулсан шахмал түлш түлдэг, түүхий нүүрсээ оройн цагаар түлдэг” гэх тайлбарыг өгсөн байна. Иргэн Б-ийн нүүрсийг НМХГ-аас битүүмжилж, Амгалангийн дулааны цахилгаан станцад ачуулсан байна.