MRSA буюу метициллинд тэсвэртэй нянгаар үүсэж буй шинэ төрлийн идээт халдвар, томуу, томуу төст өвчний халдвар хавсарсан ханиадаар бага насны хүүхдүүд, сурагчид ихээр өвчилж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг мэдрэлийн болон дотрын зэрэг насанд хүрэгчдийн тасгаа хүүхдийнх болгожээ. Тодруулбал, тус эмнэлгийн 2-6 давхар тэр чигтээ хүүхдийн тасаг болж, бага насны хүүхэд, сурагчид хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дүүргийн эмнэлэг бүхэлдээ томуутай “дайтаад” ч ачааллаа дийлэхгүй байна. Мөн томуу, томуу төст өвчний халдвартай зэрэгцэн дэгдсэн гэх идээт халдвар хүүхдүүдийн ханиаданд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо.
Тус эмнэлгийн нэг давхарт байрлах хүүхдийн хүлээн авах тасаг бага насны болон нярай хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдээр дүүрчээ. Тариурын хурц зүүнээс хаширсан бололтой гурав орчим насны охин “Хүлээн авах” гэх түм түжигнэж, бум бужигнасан өрөөнд хашхиран уйлсаар, ээж нь бүх л аргаа хэрэглэн охиноо аргадах юм. Охин хүлээн авахын хаалга руу ойртож очихоосоо айж, ээжээсээ зугтаасаар энд нэлээд хэдэн цагийг өнгөрөөжээ. Харин өөр нэг бага насны хүүхэд уйлах нь бүү хэл юм ярих ч тэнхэлгүй болтлоо сульдсан харагдав. Түүний нүдэнд нулимс цийлэгнэх бөгөөд бүлцийтлээ хавджээ. Ээж нь үзлэгийн өрөө рүү орох дарааллаа хэн нэгэнд алдахгүйн тулд сандал дээр суухгүйг хичээж, хаалганы өмнө охиноо тэврэн зогссоор л байлаа.
Харин сандал дээр сууж буй хүмүүсийн дунд дөрвөн хүүхдээ үзүүлэхээр ирсэн идэр насны эцэг харагдав. Дөрвөн хүүхдийнх нь гурав нь хэд хоногоор ханиалгаж, хоолны дуршил нь муудаж, амьсгал нь давчдах болсон тул энд ирсэн гэнэ.
Тэдний хажууд суух 40 орчим насны эмэгтэй зээ охиноо үзүүлэхээр ирсэн бөгөөд охин нь “Ёо ёо” хэмээн амьсгалж ядан байх аж. Охин нь энэ сарын 19-нд хичээлдээ яваад ирсэн өдөртөө халуурч, ханиалгаж, улмаар бөөлжиж эхэлжээ. Мөн маргааш нь охин “Эмээ, миний энд өвдөөд байна шүү дээ” хэмээн зүрх рүүгээ заажээ. Эмээ нь зүрхэн дээр нь гараа тавьж үзтэл хурдан цохилж, дэлсэж байсан гэнэ. Тэр шөнөдөө охиных нь зүрх өвдөж, уйлсаар огт унтаагүй аж. Охины эмээ тус дүүргийн XVIII хорооны оршин суугч Г.Мөнхжаргал “Одоо ч зүрх нь дэлсээд, өвдсөн хэвээр л байна. Охин маань одоо II ангид сурдаг. Хоолны дуршил муу, халуун нь маш өндөр байна.
Хүмүүс энэ жилийн ханиад хүүхдийн уушги, зүрхэнд халгайтай гэж ярих юм. Эмч юу гэж хэлэх юм бүү мэд” хэмээн санаа зовнин ярилаа. Дарааллаа хүлээж буй хүмүүс “Хурдан хүүхдээ үзүүлэх юмсан, дараалал дайрлаа” гэж бухимдан зогсоцгооно. Тус дүүргийн VII хорооны оршин суугч болох 50 гаруй насны эмэгтэй “Хоёр ач маань ханиад хүрсэн. Нэг нь хоёр, нөгөө нь таван настай. Бага нь 39, 40 хүртлээ халуураад үзүүлэхээр ирлээ. Хоёр өдөр ханиалгаад л шууд хатгалгаа болчихсон. Өнгөрсөн жил ингэж хурдан уушгинд хүрч байгаагүй” гэв. Цахим бүртгэлийн тасагт хэддүгээр хорооны оршин суугч болохоо хэлэн дараалал нэмэх эцэг эхчүүд ар араасаа цуварсаар хоорондоо зөрөх зайгүй болов.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн хүлээн авах тасаг амралртын өдөр 17.00 цагаас эхлэн үзлэг хийдэг байсан бол энд ажиллаж буй эмч 12.00 цагаас эхэлж үзлэг хийж байгаа гэнэ. Мөн тус тасаг үзлэгийн нэг л өрөө ажиллуулдаг бол 18.00 цагийн үед дахин нэг өрөө гаргаж, хоёр эмч зэрэг ажиллав. “Энэ өрөөнд дахин нэг эмч үзэхээр болсон шүү. Ийшээ зогсоорой” хэмээх сувилагчийн дуунаар эцэг, эхчүүд уралдан очиж, хоёр, гурван хүний ард орсон нь “Би энд ирээд бараг хоёр цаг боллоо. Чи саяхан ирсэн биз дээ” хэмээн муудалцах аядав. 12.00 цагаас эхлэн үзлэг хийж байгаа гэх тус эмнэлгийн Хүүхдийн хүлээн авахын эмч Б.Энхтуяагаас томуу, томуу төст өвчний талаар тодруулахаар үзлэгийн өрөө рүү орлоо. Тэрбээр “Өндөр халуунтай, цээж нь хонхолзсон, ханиад нь хатгалгаа болтлоо хүндэрсэн, хоолойны идээт үрэвсэлтэй хүүхдүүд их ирж байна. Мөн 35-40 хүртлээ халуурч байна. Уушгины H1N1 вирус хурдан явцтай учир маш хурдан хатгалгаа болж байгаа. Хүлээн авахад үзүүлсэн нийт хүүхдийн арав орчим хувь нь хатгалгаа болчихсон байдалтай ирж байна. Ачаалал маш өндөр байгаа. Өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын сүүлээр томуугийн дэгдэлт эхэлж байсан бол энэ жил аравдугаар сарын дундаас эхэлсэн. Насанд хүрэгчдийн бүх тасгаа хүүхдийнх болгоод ч ачааллаа дийлэхгүй байна.
Энэ жил MRSA халдвар буюу метициллинд тэсвэртэй нянгаар үүсэж байгаа шинэ төрлийн идээт халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэг дэгдсэн. Хүзүү, гар зэрэг биеийн аль нэг хэсэгт гарсан идээт халдварыг хүмүүс хатиг хэмээн андуурч гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийснээсээ болж биеэ улам хүндрүүлж байна.
Энэ төрлийн халдвар нь ямар ч антибиотикнд дарагдахгүй, өөр төрлийн хүчтэй эмэнд дарагдаж байгаа. Ханиад, идээт халдвар зэрэг туссан хүүхдүүдийн дийлэнх нь идээт халдвараа хатиг гэж андуураад гэрийн нөхцөлд эмчилгээ хийж ирээд байна. Гэтэл нөгөөдөх нь шинэ төрлийн нянгийн халдвар байдаг. Үүнээсээ болоод ханиадаа улам хүндрүүлж байгаа. Мөн энэ жил гурван төрлийн ханиад дэгдэж байна. Нэг нь өндөр халуурдаг, хоолойн үрэвсэлтэй хавсарсан, хоёр дахь нь вирусний буюу нүдний ханиад, салхин цэцэг зэрэг тууралтад халдвартай хавсарсан, гурав дахь нь өмнө хэлсэнчлэн MRSA халдвартай хавсарсан ханиад юм” хэмээв. Өнгөрсөн бямба гарагийн байдлаар тус эмнэлгийн хүлээн авахаар нийт 176 хүүхэд үзүүлжээ. Үүний 28 нь хэвтэн эмчлүүлэхээр болсон аж.
Тус эмнэлэгт гурван настай болон долоон сартай хүүхдээ асран, хэвтэн эмчлүүлж буй Чингэлтэй дүүргийн XI хорооны оршин суугч Б.Сүлдмаатай цөөн хором ярилцав. Түүний том хүү MRSA халдвартай хавсарсан, бага хүү нь өндөр халуурдаг, хоолойн үрэвсэлтэй хавсарсан ханиад хүрсэн гэнэ. Тэрбээр “Хоёр хүүтэйгээ эмнэлэгт хэвтээд тав хонож байна. Том хүү маань нэг сарын өмнөөс халуурч эхэлсэн. Шөнөдөө халуурч хоноод маргааш нь огт юм иддэггүй. Бас цагаан хөөсөөр бөөлждөг, шингэн нус их гардаг, халуун нь огт буудаггүй. Хоёрхон халбага ус уусан ч бөөлжөөд гаргачихдаг байсан.
Хамаг бие нь сульдаад, байнгын унтаа байдалтай, нүд нь жартайгаад ямар ч цог золбоогүй болсон. Нурофен, Параденк зэрэг энгийн антибиотик уугаад ямар ч нэмэргүй юм билээ. Хүчтэй эмэнд л дарагдаж байгаа. Мөн сонгино, сармис, аарц, чацаргана, угаалгын нунтаг, саван зэрэг хурц үнэртэй юмс үнэртүүлбэл ханиад нь буцаад сэдэрч байгаа.
Хурц үнэртэй хоол хүртэл идэж болохгүй, өрөөгөө байнга чийгшүүлж агааржуулах ёстой. Өмнө нь ханиад хүрэхэд чихэр жимс идүүлж болохгүй гэдэг байсан болохоос хурц үнэр үнэртүүлж болохгүй гэж байгаагүй. Энд байгаа эхчүүдийн дийлэнх нь энэ жилийн шинэ төрлийн ханиадыг сайжруулсан түлшний утаанаас болсон гэлцгээж байна. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн олонх нь гэр хороолол, хашаа байшинд амьдардаг” гэв. Тэрбээр үргэлжлүүлээд “Манай тасагт хоёр сартайгаас эхлээд дандаа нярай хүүхдүүд хэвтэж байгаа. Бүгд хатгалгаа болсон. Дөрвөн ортой өрөөнд нэмэлтээр нэг ор байрлуулсан байгаа. Жижиг платанд хоёр ор байдаг бол гурав болгосон” хэмээн ярив.
Харин хүлээн авахын эмч Б.Энхтуяа MRSA халдвар авсан үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “0-5 насны хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, шингэн юм сайн уулгах 22.00 гэхэд унтуулсан байх, гарын ариун цэврийг сайн сахих, амин дэмээр баялаг хоол, унд өгөх зэргээр дархлааг нь сулруулахгүй байх ёстой. Дархлаа суларснаар ханиад нь улам хүндэрч байгаа. Мөн гэрийн нөхцөлд эм сонгохгүй байх, идээт халдвар гарсан бол ариутгаж, цэвэрлээгүй гараар хүрэхгүй байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.
Эмчилгээ хийлгээд болсонгүй, дээрдсэнгүй гэх хүн олон ч энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарах хүн тун ховор аж. Эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож басхүү цухалдуулж буй нэг асуудал бол иргэд гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийлгэх явдал юм. Энэ нь эмнэлэгийн ажилд ачаа нэмж, бага насны хүүхэд, сурагчдын ханиад, томуугийн өвчлөлийг улам хүндрүүлж буй гэдгийг эцэг, эх ухаарах нь мөн л ховор. Хүүхдийн эргэн тойрны асуудал бүхэнд эцэг, эх салшгүй холбоотой байдаг. Амьсгал нь давхцаж, зүүний хатгуураас халширтлаа томуутай тэмцэж буй үрсэд тань эцэг эхийн зөв асаргаа, урьдчилан сэргийлэлт чухал гэдгийг ойлгох зүйтэй юм. Мөн олны хөл цугларсан газар хүүхдээ авч явахгүй, амин дэмээр дутаахгүй байх, томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэдлэгээ тэлэх нь нэн чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж буй. Харин монгол арга хэмээх нэрийдлээр хүүхдэдээ арц, чацаргана, шоколадтай сүү уулгах, адууны махыг хоолойд тавих зэрэг нь ханиадыг эмчлэх бус сэдрээж буйг эцэг эхчүүд минь анхаараарай.