Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг Лимитэд” компанийн нийт хувьцааны 51 хувийг “Жем интернэшнл” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсон тухай мэдээлэл сүүлийн үед олны анхааралд байна. Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагынх нь бүрэлдэхүүн мөнхүү шинэчлэгджээ. Тус компанийн Ерөнхий захирлаар томилогдсон Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр хөрөнгө оруулалтын зөвлөгөө, андеррайтинг, брокерийн МIСС компанийг 2005 онд байгуулж, санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан нэгэн. Ялангуяа, гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт татах томоохон хэмжээний хэд хэдэн төслүүд дээр амжилттай ажилласанаас гадна Монголын тэргүүний компаниуд болох “Моннис”, “Таван Богд”, “Номин” болон “Шунхлай Групп”-д санхүүжилт татах, нэгдэн нийлэх хэлцлүүдэд зөвлөхөөр ажилласан юм.
-“Аспайр Майнинг Лимитэд” компанийн Ерөнхий захирлаар томилогдсонд баяр хүргэе. Компанийн шинэ удирдлага ямар бодлоготой ажиллах вэ?
Баярлалаа. Ашигт малтмал, эрдэс баялгийн бизнес дэлхийн зах зээлийн чиг хандлагатай салшгүй холбоотой явдаг. Эрчим хүч, хүнд аж үйлдвэрийн суурь түүхий эд болдгоороо нүүрсний бүтээгдэхүүнүүд ихээхэн онцлогтой.
Эрчим хүчний нүүрсний үнэ ханш савлагаатай байхад гангийн үйлдвэрийн түлш тогтвортой байх гэх мэт эрс тэс ялгаа ажиглагддаг. Одоогоор коксжих нүүрсний бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой, боломжийн үнэлгээтэй байна. Энэ үе дээр нь бид Овоотын бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж, Монгол Улсын, тодруулж яривал Хөвсгөлийн шинэ нэр төрлийн экспортын брэндийг бий болгож амжих нь чухал байна. Иймд компанийн шинэ удирдлагад бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, барилгын ажил, олборлолтыг эхлүүлэх, дутагдалтай байгаа хөрөнгө, санхүүжилтийг босгох гэх чухал зорилтууд тавигдаж байгаа.
-Компанийн хувьцааны дийлэнхийг монгол хүн эзэмших болсон тухай мэдээнд олон нийт таатай хандаж байна. Хөрөнгө оруулагч энэ шийдвэрийг гаргахад юу нөлөөлснийг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?
Аливаа хөрөнгө оруулалтад тухайн бизнесийн хэтийн төлөв, зах зээлийн нөхцөл, хууль, эрх зүйн болон улс төрийн тогтвортой байдал, компанийн зах зээлийн үнэлгээ, засаглал гээд олон хүчин зүйлийг харгалздаг. Аспайр майнинг нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн компани. Дэлхийн хэмжээний биржийн нөхцөл шаардлагыг хангасан компани бол засаглал, ил тод байдал, үйл ажиллагааны шударга байдал, санхүүгийн сахилга гээд олон талаараа давуу талтай байдаг. Дээр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, олон улсын зэрэглэлийн коксжих нүүрсний орд газруудыг нээн илрүүлэх, олборлох, тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий хариуцлагатай компани. Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг жил гаруйн өмнө компанийн 12.0 хувийг эзэмшиж байгаад 2018 оны наймдугаар сард 27.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ жил дахин хөрөнгө оруулж 51 хувь болголоо. Хамгийн гол нь “Аспайр майнинг лимитэд” компанийн хийхээр бэлтгэж байгаа “Овоотын баяжуулах үйлдвэр”-ийн цогц бүтээн байгуулалт маш ирээдүйтэй, улс орны эдийн засагт чухал байр суурь эзлэх төсөл юм.
-Цогц бүтээн байгуулалтад юу юу орж байгаа вэ?
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоот орд өндөр чанарын коксжих нүүрстэй. Нөөцийн хэмжээг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 227 сая тонн гэж бүртгэж авсан. “Аспайр майнинг лимитэд” компани энэ ордод эхний ээлжинд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Ордод ил уурхайн аргаар олборлолт явуулж, эхний ээлжинд жилд 4.0 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай үйлдвэр барьж боловсруулалт хийнэ. Түүнчлэн эхний ээлжинд тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай авто замыг Овоотоос Эрдэнэт хот хүртэл нийт 560 км татаж тээвэрлэлтээ хийнэ. Мөн “Жем интернэшнл” групп буюу манай гол хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч маань Овоот ордыг түшиглэн 75 мВт-ын цахилгаан станц барих юм. Энэ бүх бүтээн байгуулалтыг харахаар Овоотын төсөл ашигт малтмал, уул уурхайн гэхээсээ илүүтэй дэд бүтцийн төсөл юм. Тийм ч учраас тухайн нутаг орондоо төдийгүй Монгол Улсын хойд бүсийн хөгжилд бодитой нөлөө үзүүлнэ.
-“Аспайр Майнинг Лимитэд” үндэсний компани боллоо гэж ойлгож болох юм. Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Компанийн хувьцааг эзэмшиж буй монгол хүн олон бий. Тэдний дотор хамгийн их хувьцааг буюу нийт хувьцааны 51 хувийг Ц.Цэрэнпунцаг гарьд эзэмшдэг. Нийтдээ 60 шахам хувийг нь монголчууд эзэмшиж байна. Мөн компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний дийлэнхийг монгол хүмүүс бүрдүүлэхээр болоод байна. Тэгэхээр энэ компани яах аргагүй Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын компани болсон гэсэн үг. Сүүлийн үед манай улсын ард иргэд гадаадын компани, хөрөнгө оруулагчдыг дагаж ханардгаа больсон байна. Саяхны нэг судалгаа харж байхад, ялангуяа уул уурхайтай бүс нутгийн иргэд монгол эзэнтэй, үндэсний компанид илүү итгэл найдвар хүлээлгэдэг гэсэн дүн гарсан байна лээ. Илүү элэгтэй, өөриймсөг, хариуцлагатай ажилладаг гэж хардаг болсон байна.
-Оюутолгойн төсөл эхлээд 10 жил болж байна. Үүнээс хойш манай улсад уул уурхайн томоохон төсөл хэрэгжсэнгүй. Харин “Овоот”-ыг эдийн засагт үр ашгаа өгөх дараагийн том төсөл гэж харж байна?
Хэдийгээр Овоотын орд Оюутолгой, Тавантолгой шиг стратегийн том орд биш ч гэлээ Монгол Улсын хойд бүс нутгийн эдийн засагт багагүй нөлөөтэй байх тооцоотой ажиллаж байна. Бид эхний 10 жилд улсад нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлнө. Шууд ба шууд бусаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болгоно. Байгаль орчин, нийгэм, соёлын хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Бусад дам нөлөөллүүд, үр ашгийг нарийвчлан тооцоход хэцүү. Зөвхөн бүтээн байгуулалт өрнөх Цэцэрлэг суманд л гэхэд татвар, хураамжаар 10 жилд 87 тэрбум төгрөг, жилд дунджаар 8.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Компани хариуцлагатай уул уурхайн нийтлэг зарчмуудыг хэрэгжүүлж, сум орон нутагтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан эрүүл мэнд, боловсрол, соёлын өв, байгаль орчин, жижиг, дунд бизнесийг дэмжиж ажиллана.
-Уул уурхайн компаниуд бүгд л нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр ажлыг хийдэг. Гэтэл нутгийн иргэд гар дээр нь бодитойгоор ирэх үр өгөөжийг харж, хүлээж байдаг. Энэ талаар “Аспайр Майнинг Лимитэд” компани яаж ажиллах вэ?
Бодитой үр өгөөжийг хүртэх, давуу нөхцөл авах эрмэлзэл баялаг бүхий нутаг усны иргэдэд түлхүү байдаг. Энэ нь зүй ёсны хүсэл эрмэлзэл юм. Үүнийг хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдэг арга замыг тогтоогоогүй явдал өнөө хэр асуудал, хүндрэл үүсгэж ирсэн. “Аспайр Майнинг Лимитэд” компани олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, дэлхийн дахинд олон сая ширхэг хувьцаа арилждаг давуу талтай. Бид энэ давуу талаа нутгийн иргэдтэй хуваалцах арга замыг судалж байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлж, алсдаа ногдол ашиг хуваарилах хэлбэрээр нутгийнх нь хишиг буяныг иргэдэд бодитойгоор хүртээх боломж бий. Үүнийг өнөөгийн хууль, эрх зүйн хүрээнд шийдэх ямар гарц гаргалгаа байгааг судалж байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ekhoron21.mn
Б.Гэрэлням