Европын Зөвлөлийн удирдагчид өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссель хотод цуглаж зургаа татуулжээ. Гэвч ахимаг, дундаж насны эрчүүдтэй хамт нүүрний эгнээнд зогссон Финландын шинэ Ерөнхий сайд Санна Марин эрхгүй онцгой харагдах ажээ.
Тэр бол дэлхийн хамгийн залуу төдийгүй эмэгтэй Ерөнхий сайд гэдгээрээ хэдий нь танигдсан улс төрч юм. Тийм ч учраас 34 настай Санна Марин нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан байгааг эх сурвалж онцолсон байна.
Финландын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо
Хамгийн гол нь Санна Марин нэгэн хэвийн тогтсон дэг жаяг, өнгө төрхийг хага цохиж, цоо шинэ дүр төрхийг бүрдүүлж чадаж байгаа юм. Зам тээврийн сайдын албан тушаал хашиж байсан туршлагатай улс төрч эмэгтэй Финландын Ерөнхий сайд Социал Демократ намын дарга огцорсны дараа түр хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон билээ. Одоо тэр таван намаас бүрдсэн эвслийн Засгийн газрыг тэргүүлж байна. Эдгээр таван намын даргаар эмэгтэйчүүд ажиллаж байгаа ба ихэнх нь 35-аас доош насныхан байгаа юм. Энэ бол төрийн эрх барих удирдагчид ахимаг настай эрчүүд ихэвчлэн байдаг хэв маягаас тэс ондоо өнгө төрх гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
Финланд бол зуун жилийн тэртээгээс эмэгтэйчүүдийг Парламентад сонгож эхэлсэн дэлхийн анхны улс юм. Гэвч өнгөрсөн зуунд Маринаас өмнө ердөө хоёр эмэгтэй Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Бүгд байнгын бус түр хугацаанд буюу жилээс илүүгүй хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн байдаг.
Олон улс судлаачдын харж байгаагаар Мариныг Ерөнхий сайдын албанд сонгогдоход Финландын улс төрд эмх замбараагүй байдал үүсч, хэл ам гарч байсан ч дэлхийн нийтэд хүрч анхаарал татсанаас хойш тэд болгоомжтойгоор ажиглаж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл дэмжигчидтэй болж, таньдаг хүмүүс нь түүгээр бахархах болсон билээ.
Согтуу эцэг ба солонгон гэр бүл
Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд эмэгтэй Санна Марины бяцхан түүхээс хуваалцвал түүнийг хүүхэд байхад аав нь согтууруулах ундаа хэрэглэж, асуудалтай байсан учраас эцэг эх хоёр нь салсан тухай 2016 онд блогтоо бичжээ. Ээж нь ижил хүйстнээ сонирхож дахин нэг ээжтэй болсноор солонгон гэр бүлд өссөн байна. Хэдийгээр түрээсийн орон сууцад амьдарч, мөнгөгүй байсан боловч хайраар хангалуун өссөн гэжээ.
Марин 15 настай байхдаа анхны цагийн ажлаа талхны мухлагаас эхэлж, ахлах сургуульд байхдаа сэтгүүл тараадаг байжээ. Ахлах сургуулиа төгсөөд кассын ажилчин байсан нь Эстон улсын Дотоод хэргийн сайдад наймаачин охин гэж дуудуулж доог тохуу болох гол шалтгаан болжээ. Энэ доог тохуунд хариу барихдаа тэр “би Финланд улсаар маш их бахархдаг. Энд ядуу айлын хүүхэд боловсрол эзэмшиж, зорилгодоо хүрэх боломж бий. Кассчин охин Ерөнхий сайд ч болох боломжтой” гэжээ.
Марин бол гэр бүлийнхэн дундаасаа их сургуульд суралцсан анхны хүн юм. 20 настайдаа улс төрд орж, асар хурдацтайгаар Социал Демократ намд тушаал дэвшсэн байна. 27 настайдаа Тампере хотын зөвлөлийн даргаар сонгогдож, гурван жилийн дараа Парламентад дэвшжээ. Улс төрийн хувьд дүрвэгчдийг оруулж ирэх, нийгмийн халамжийг дэмжихийн тулд татварыг нэмэгдүүлэх зүүнтний байр суурийг баримталдаг байна.
Олон хүн түүнийг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернтай харьцуулж, дэлхийн хүчирхэг удирдагчдын эсрэг хорны ерөндөгтэй зүйрлэж байгаа ажээ. Марин Засгийн газар тэргүүлэх хугацаандаа дотроо хуваагдсан Социал Демократ намыг нэгтгэхийг дэмжигчид нь хүлээж байна. Намын гол зөрчил төв суурин газрын зүүнтний жигүүр буюу залуу улс төрчид болоод хотоос гадна амьдардаг ажилчин ангийн уламжлалт үйлдвэрчний эвлэлийнхний хооронд үүсээд байгаа юм.
Хувийн амьдралаа зохиож, нөхөр Маркус Рэйккенетэйгээ 2018 онд Эмма Амилиа Марин нэртэй бяцхан охиноо өлгийдөн авчээ. Одоо тэдний охин ой гарантай.
Эх сурвалж: www.cnn.com