Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөл, өмгөөлөгч Б.Батдэлгэр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сургуулийн хувьд хоёр улирал дараалан дөрвөн ээлжээр хичээллэж сурагчдын эрх ашиг хөндөгдөж буй талаар дурдлаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 133 дугаар сургуульд суралцах хуваарилалтыг хийсэн. Гэтэл тус сургуулийн байранд “Монгол тэмүүлэл” болон 133 дугаар сургууль гэх хоёр сургууль хичээллэдэг бөгөөд 133 дугаар сургууль нь дөрвөн ээлжээр хичээллэж буй юм.
“Монгол тэмүүлэл”-ийн сурагчид нэг ээлжээр 8-10 цаг хичээллэдэг. Гэтэл 133 дугаар сургууль 08-11, 11.30-13.30, 13.30-15.30, 15.30-19.30 цагийн хуваарьтай дөрвөн ээлжээр хичээллэж байгаа гэнэ.
Энэ тухай өмгөөлөгч Б.Батдэлгэр:
-Хэд хэдэн сурагчтай айл бол ажил хийх боломжгүй, хүүхдээ зөөсөөр байтал өдөр өнгөрч байна. Нөгөө талаар анги сэлгэлтийн хугацаа 10-15-хан минут байдаг учир цэвэрлэгээ агааржуулалт хангалтгүй, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ханиад томуугаар өвчлөх нөхцөл бүрдэж байна. Мөн жирийн сургуулиуд өдөрт дунджаар 4-5 цаг хичээллэж байхад 133 дугаар сургууль өдөрт 2-3 цаг хичээллэж буй нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэв.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сард гаргасан захирамжид 2014-2017 онд Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдсан хичээлийн байранд 133-р сургуулийг байгуулж, энэ байрыг нийслэлийн өмчид бүртгэнэ гэж даалгасан. 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр Улсын комиссын шалгалт орж, 133 дугаар сургуулиар барилгыг хүлээж авсан албан бичиг нь байна.
Гэтэл боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Чулуунбаатар энэ захирамжаас гурван сарын дараа хууль бус тушаал гаргаж, 26 дугаар хорооны сургуулийн барилгыг “Монгол тэмүүлэл” сургуульд олгосон. Үүний дараа Улсын комиссын хоёрхон хүний гарын үсэгтэй албан бичиг гаргаж, сургуулийг “Монгол тэмүүлэл” сургуулийн нэр дээр хүлээн авсан байдаг. Энэ асуудлаар 26 дугаар хорооны эцэг, эхчүүд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад явж байгаа гэлээ.
"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхчүүд захиргааны хэрэгт гаргасан нэхэмжлэлээ татаж авахыг 133-р сургуулийн эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Шүүхдээд цаг алдахын нэмэр тул нэхэмжлэлээ татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.