АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эргүүлэн татах саналыг Төлөөлөгчдийн танхимд дэмжиж, шинэ он гарангуут Сенатын танхимд шүүгдэхээр болсон билээ. Трампад итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг Төлөөлөгчдийн танхимд явуулахын өмнө энэ оны 9-11 дүгээр саруудад мөрдөн шалгах, хэргийг нягтлах ажил үргэлжилсэн. Тэрээр эргүүлэн татах нь зүйтэй гэж Төлөөлөгчдийн танхимаар шийдүүлсэн АНУ-ын түүхэн дэх гурав дахь Ерөнхийлөгч болсон юм.
Шинээр дэлгэсэн баримтанд Дональд Трамп өнгөрсөн долдугаар сард Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй утсаар ярьснаас хойш 90 гаруй минутын дараа Цагаан ордон Украйн улсад үзүүлэх тусламжаа зогсоосон ажээ.
Трамп Украйны шинээр сонгогдоод байсан төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа Ардчилсан намын гишүүн, Трампын гол өрсөлдөгч Жо Байденыг мөрдөн шалгах хүсэлт тавьж, татгалзсаны дараа тусламж үзүүлэхээс татгалзсан нь эрх мэдэл, албан тушаалаа хувийн улс төрийн сонирхлынхоо төлөө ашигласныг гэрчилж байна гэж үзээд байна.
Трампын уг дуудлага түүнийг эргүүлэн татах эсэхээр Төлөөлөгчдийн танхимын индэрт дуудсан гол шалтгаан болсон юм. Ардчилсан намынхан дийлэнхийн суудал эзэлсэн Конгресст Трампыг эргүүлэн татах нь зүйтэй гэж үзсэн ч тэрээр Бүгд Найрамдахчууд дийлэнхийн суудал эзэлсэн Сенатын танхимд хэргээ цагаатгана гэсэн итгэлтэй байгаа. Хэдийгээр Трамп Сенатын танхимын шүүлтийг давж гарч болох ч АНУ-ын дараагийн сонгуулиар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эсэх нь эргэлзээтэй болж байна.
Шинээр дэлгэгдсэн мэдээллийг Олон нийтийн эрхийг хамгаалах төв мэдээллийн эрх чөлөөт байдлыг хангах шүүхийн шийдвэрийн дараа олон нийтэд хүргэжээ. Мэдээлэлд Цагаан ордны ажилтан Майк Даффи нь Ерөнхийлөгч Трамп долдугаар сарын 25-ны өдөр Зеленскийтэй утсаар ярьснаас хойш ердөө цаг хагасын дараа Украйнд үзүүлэх тусламжийн талаар Батлан хамгаалах салбарын эрх бүхий албан тушаалтнуудтай холбогдсон болохыг гэрчилсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com