Эцэг Абдулманап, хүү Хабиб Нурмагомедовууд © Валерий Шарифулин/ТАСС
-Хабиб Нурмагомедовын эцгийн зөвлөгөө-
Д.ЭНХЭЭ
Бизнес эрхлэгч Игорь Рыбаковтай хамтарч Абдулманап Нурмагомедовын бичсэн “Эцэг” хэмээх номыг Оросын "АСТ" хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. Уг номонд хариуцлагын мэдрэмжийг хүүхдэд хэрхэн төлөвшүүлж суулгах тухай өгүүлсэн бүлгийн хэсгээс ТАСС түүвэрлэн нийтэлснийг толилуулж байна.
Абдулманап Нурмагомедовтай хийсэн бүтэн цагийн ярианы дүрс бичлэг чамлалттай санагдсан учир ном бичих санаа төрсөн хэмээн уг номын өмнөтгөл үгэндээ Игорь Рыбаков бичжээ. Нурмагомедов бол олон арван жилийн хугацаанд зөвхөн хүүгээ төдийгүй бусад олон аварга тулаанчийг бэлтгэсэн дасгалжуулагч хүн. “Эцэг. Спорт, бизнес, амьдралын аваргуудыг хэрхэн хүмүүжүүлж бэлтгэх вэ?” хэмээх уг номд өөрийнхөө таван аргын тухай том Нурмагомедов өгүүлсэн байна. Түүний тав дахь арга болох албадлагын тухай өгүүлсэн бүлгээс товчлон нийтлэв.
Ер нь хүмүүжил гэж юу вэ? Дахин хэлье, юуны өмнө энэ бол хүүхэд цаг үргэлж хийх ажилтай байнаа л гэсэн үг, хүүхдэд биш харин хүүхэд өөрөө бусдад тус дэм болно. Үүнээс гадна хариуцлага заавал байх ёстой. Гэр орон, төрөлх тосгон, баг, сум, аймаг, улс эх орныхоо төлөө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг түүнд байнга сануулах хэрэгтэй.
Харин яаж хариуцлагатай болгож хүмүүжүүлэх вэ?
Түүнд итгэх ёстой. Бусад нь бүгд гадагш явах үед гэртээ эзэн болж үлдэж байна гэдгийг анхааруулж хэлнэ. Зүгээр л ямаршуу байхыг нь харж сонжих үүднээс ч ингэж болох юм. Хаа нэг тийш явах үедээ хүүхдэд гэр орондоо эзэн (толгой) болж үлдэж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Ганцаараа байх хугацаанд хийж үйлдэх ёстой өч төчнөөн үүрэгт ажлыг захиж үлдээнэ. Буцаж ирээд шалга. Ямархуу хүн өсч өндийж байгаа нь аяндаа харагдана.
Бяцхан хүү найз нартайгаа тоглож наадсанаас болж хийх ёстой үүрэгт ажлаа мартсанаас юу ч хийж амжаагүй тохиол гарна. Үүнийг бид эцэж ядартлаа гүйж харайснаас болж хайхрамжгүй хандлаа гэж үзнэ. Хайнга хандсаныг нь түүнд сануулж хэлнэ. Итгэл даахгүй бол түүнд эцэс төгсгөлгүй итгэсээр байхгүй шүү гэдгийг анхааруулна. Хашаа хороогоо шүүрдэж цэвэрлэсэн эсэх, цэцэг, ногоо усалсан эсэх, малаа бэлчээсэн, тахиа, галуугаа хооллосон эсэх гээд орон гэртээ чухам юу хийснийг нэгбүрчлэн асууж лавлана. За яах вэ, дараагийн удаа өөрөөр ярина аа. Хэрвээ юу ч хийгээгүй бол яагаад гэдгийг асууж өөрөөр нь яриулна. Яриаг нь таслалгүйгээр анхааралтай сонсоно. Бага балчир насанд нь ийм маягаар хариуцлага төлөвшүүлж суулгана.
Бодит байдал дээр огт юу ч хийхгүй байна гэж бараг л байхгүй дээ. Юутай ч тийм явдал надад лав тохиолдож байгаагүй. Эрх биш түүнд итгэж найдан ажил зааж захиж үлдээсэн шүү дээ. Гэхдээ явахаасаа өмнө “Гэртээ эзэн болж үлдэн бүгдийг хариуцаж байгаагаа ойлгож ухаарч байгаа юу?” хэмээн асуух хэрэгтэй.
Зөвшөөрсөн хариу сонссон бол огт юу ч хийхгүй байна гэж төсөөлөх аргагүй. Өвдөж зовсон төрөл садангийн хэн нэгэнд туслах, аль эсвэл ойр дотныхноос хэн нэг нь өөд болох гээд манай Дагестанд хоёр гурав хоногоор ийш тийш явах ажил хэрэг мундахгүй гарна. Тэгэх тоолонд гэр оронд хэн нэгэн заавал үлдэх ёстой болно. Яг ийм үед л өсч өндийж байгаа үр хүүхдээ (хүүгээ) хэр зэрэг ажилч хичээнгүй болохыг нь бодитойгоор амархан сорьж шалгаж болно.
Хэрвээ хүүхэд үнэхээр бараг юу ч хийгээгүй бол буруутан нь танаас өөр хэн ч биш. Хүүхэд өсч томрон ухаан суухын хэрээр хийсэн үйлдлийнхээ төлөө гэмших мэдрэмж бий болж, тэр үеэс өөртөө хариуцлага хүлээж чаддаг болно. Одоохондоо харин ийм хариуцлага танд ногдоно. 16-17 насанд шилжилт явагдаж, энэ үе шатанд тэрээр эргэн тойрондоо болж байгаа бүхнийг бүрэн дүүрэн ойлгож ухаардаг болно. 13-15 насандаа бүгдийг тэр бүрий гүйцэд сайн ухаарахгүй, сэтгэж бодохдоо тааруу, зүгээр бушуухан том болохыг л хүсдэг хүүхэд зангаараа л байна. 17-19 нас бол мөн өөрийнхөөрөө хэцүү төвөгтэй нас. 19 хүрснээс хойш бол би хэцүү цаг үе гэж хэлмээргүй байна. Тэрээр цэргийн алба хааж, Эх орноо хамгаалагч болно. Эх орноо гэх сэтгэл мэдрэмж түүнд бий болно. Энэ насандаа тэр юм сурах нь маш сайн учраас түүнд өөрт нь ач тустай төрөл бүрийн сайн шинж чанарыг шингээж төлөвшүүлэх боломжтой. Чухам тийм учраас би 19 нас хүрсэн залууг эр хүнд тооцож болно гэж үздэг юм.
Би хувьдаа бага насандаа өөртөө хариуцлага үүрдэг байсан санагдаж байна. Сургуульд ороогүй байхдаа тахиа, галуугаа харж, өглөө мал бэлчээрт гаргаж, орой хотлуулдаг байв. Сургуульд орсон хойноо гэрийн даалгавар хийж, хашаа хорооны болон гэр орны ажил хийдэг байсан. Байнга л ямар нэг зүйл хариуцдаг байсан шүү.
Ээж маань байнга гэртээ байна. Аав харин тариан талбайд тракторын жолооч, механикжуулагчийн ажил хийдэг байсан. Тэрээр зогсоо зайгүй хөдөлмөрлөнө. Би аавдаа үдийн хоол хүргэхээр явна. Мөн өглөө бүр би гүйж, дасгал хийж, секцэнд явдаг байсан. Надад чөлөөт цаг гэж огт байгаагүй. Юу хийхээ мэдэхгүй дэмий гиюүрэх цаг хугацаа надад байгаагүй.
Одоо цагт харин хүмүүжүүлэхээсээ эрхлүүлэх нь дэндүү их болжээ. Ялангуяа өвөө, эмээ нар үүнд гол үүрэг гүйцэтгэж байх шиг. Эцэг эх нь аль болохоор хатуу чанга байхыг хичээдэг ч тэдний хүчин чармайлт заримдаа талаар болдог бололтой. Мэдээж, эмээ нарын ач тус байлгүй яах вэ, тэд илүү ухаалаг, бас илүү туршлагатай хүмүүс. Гэхдээ тэд ач зээ нараа шаардлагатай үед нь зохих зэм хүртээхийн оронд гол төлөв эрхлүүлцгээдэг. Бодитойгоор зэм хүртээж чадах хүмүүс бол зөвхөн эцэг эх нь. Юуны түрүүнд эцэг. Гэхдээ энэ бол яльтай яльгүй юман дээр “суран бүс” хэрэглээд байна гэсэн үг биш л дээ.
Зургаан насанд нь хүртээж болох үр нөлөөтэй зэм шийтгэл олон бий. Хүүхдийг буланд зогсоох, эсвэл ямар нэг ажил нэмж хийлгэж болно. Тэмцээнд уралдаанд түүнийг явахгүй байх, энэ тухай нийтийн өмнө мэдэгдэнэ. Зургаан насанд бие махбодийн ямар шийтгэл байж болох вэ гэж үү? Ямар ч шийтгэл байхгүй дээ. Эцэг эх хамт байхдаа сануулга өгч болно. Энэ бүгдийн цаад зорилго нь өөрт нь сэтгэл дундуур байна шүү гэдгийг харуулж ойлгуулах явдал. Тэгэхдээ яг чухам юунаас болж сэтгэл дундуур байгаагаа тодорхой хэлэх ёстой. Том хүмүүс өөрт нь яагаад шаардлага тавьдгийн учрыг хүүхэд ойлгох учиртай.
Надад хүүхдээ авчирч өгснөөс хойш хоёр гурав хоногийн дараа уг хүүхэд юунд хүрч чадахыг би ерөнхийд нь багцаалж гадарладаг. Нийтлэг гэж болохоор тохиолдол маш олон гарна. Саяхан нэг хүү одон бөмбөгний цохиураар тоглохдоо анхаарлаа огт төвлөрүүлэлгүйгээр хайш яйш оромдож байгааг харлаа. Тоглох явцдаа эсрэг талын тоглогч бөмбөг авах боломжийг багасгахыг хичээж, бодол санаагаа түүнд чиглүүлж ажиллахын оронд орчин тойрноо харж сатааран анхаарлаа сарниулж байв. Хэдхэн мөчийн дараа бөмбөг өөрт нь буцаж ирнэ, үүнийг тооцоолж хичээх учиртай. Гэтэл, үгүй шүү, огт тоосон шинж алга. Эмээ нь хажууд нь ач хүүгийнхээ хүссэн бүхнийг гүйцэлдүүлж бөнжигнөнө. Энэ бол зүгээр л салан задгай, эрхийн балай болчихсон хүүхэд. Ийм дүр зураг бидний өмнө байнга тохиолддог. Гэхдээ ямар ч шинэ юм алга. Эмээ ач хүүгээ хайрлаж эрхлүүлж байгаа нь тэр. Тийм учраас би эцэг эхийг хөвгүүддээ цаг их зарцуулдаг байх хэрэгтэй гэж боддог юм.
Ач хүүдээ би бусад өвөө нарын нэг адил хандаж, бас заримдаа эрхлүүлдэг байх. Гэхдээ түүнийг зааланд орж ирсэн үед би хатуу чанга байх хэрэгтэй болно. Эгнэж жагссан үед бүгд л адил тэгш шүү дээ. Ямар нэг наанатай цаанатай харж үзэх юм огт үгүй. Тэнд би өвөө биш, харин бүгдээрээ хүндлэн дээдэлж, анхааралтай сонсох ёстой алдар гавьяатай дасгалжуулагч байна. Ганц нэг удаа чихэнд нь зөөлөн анхааруулж хэлээд болохгүй бол заалнаас хөөж гаргана. Бусдад үлгэр болгох үүднээс хамгийн түрүүнд түүнд зэм хүртээнэ. Зааланд би яагаад хатуу чанга байдгийн учрыг ач хүү минь ойлгоно гэж бодож байна.
Ер нь бид хүүхдүүдтэй байнга их ярьдаг. Зарим нэг нь аль хэдийн бэлтгэл сайтай болчихсон, нөгөө зарим нь дөнгөж шинэ ирсэн болохоор бусдаасаа хоцронгуй байна. Гэхдээ энэ бол ичиж нэрэлхэх, эсвэл сэтгэлээр унах шалтаг шалтгаан биш гэдгийг тэдэнд тайлбарлана. Ер нь сэтгэл зүйн асуудал л даа. Нэгэнт л бүгд над дээр хичээллэх гэж ирсэн болохоор хамтдаа сурах ёстой гэсэн бүгдэд хамаатай нийтлэг дүрэм журмыг мөрдүүлнэ. Авьяас чадвар сайтайчууд нь сул тааруу бусдадаа туслах ёстой. Өөрийнхөө чаддаг зүйлийг үеийн найз нөхөртөө зааж өгч байгаа үед л чи хүч чадалтай, өгөөмөр сайн хүн болно. Хэрвээ чи илүү сайн хийж чаддаг бол нөхрөө өөд нь татаж яагаад болохгүй гэж? Ийнхүү сайн нөхөд болцгооно. Чухам ийм учраас нэг гудамжны юм уу, эсвэл нэг ангийн гэдгээр найз нөхрийг сонгох бус, харин шилдгийн шилдгээс сонгох хэрэгтэй.
Хабибыг 15-17 настай байхад нь түүнийг анхаарч ажиглах хэрэгтэй байв. Ер нь тэр бүгдийг харж байсан даа. Зааланд очиж, дэвжээн дээр гарч эхэлсэн. Өөрөөс нь ах залуучууд түүнээс суралцдаг байв. Бусдын хичээллэдэггүй зүйлээр хичээллэх боломжгүй тийм мухардмал нөхцөл байдал түүнд үүсч бий болсон юм. Хичээл сургалтын хувьд бусдын адил шаардлагыг түүнд тавьж байсан. Гэр орны ажилд тэр тусална, бид түүнд хариуцлага хүлээлгэн үлдээж, хөдөөгийн ажилд эв дүйтэй эсэхийг нь мөн сорьж шалгадаг байлаа. Тэрээр бүгдийг төвөггүй амжуулдаг байсан шүү.
Хабибыг бага балчир насандаа ажил хийхэд нь урамшуулал илүү их тус нэмэр болдог байжээ. Өдөр бүр ямар нэг зүйл хийсний төлөө түүнийг сайн хүү хэмээн сайшааж магтаад, харин долоо хоногийн сүүлээр далай руу дагуулж явах зэргээр арай өөр томхон зүйлээр урамшуулна. Багад нь би түүнд “Хүү минь, тоглоом, цүнх хоёр. Юуг, яахыг чи мэднэ шүү дээ” гэж хэлэхэд тэр илүү их баярладаг байсан юм. Цүнхэнд нэгэнд нь буцалсан, нөгөөд нь буцлаагүй устай хоёр шил байна. Буцалснаас тоглолтын үеэр ууна. Харин нөгөөхөөр нь хөлсөө угаана.
Хабиб байнга илүү алчуур, оймстой явдаг байсан. Тоглолтын завсарлагаар тэр байнгын бэлэн байдалд байх ёстой. Намайг гараа өргөхийг олж хараад шилний бөглөөг онгойлгоно. Яарсаар гүйж хүрч ирэхэд тэр миний гар дээр ус гоожуулахад нь нүүрээ угааж, дараа нь буцалсан уснаас балгачихаад эргээд талбай руу гүйнэ. Энэ үед бусад тамирчин уснаас балгахыг хүснэ. Тэгэхэд нь тэр “Ааваас асуухгүй бол болохгүй. Тоглолт дуустал усгүй болчихвол би буруутна” гэж хариулдаг байсан. Намайг тоглодог байх үед энэ бол түүний хамгийн хариуцлагатай цаг мөчүүд байжээ. Найм, есөн настай л байсан даа. Өнөөх устай цүнхээ бариад талбайн захаар байнга гүйдэг сэн.