Үдшийн бүрийд сарны туяанд алхах сайхан. Гэвч дэлхийн цор ганц дагуул сар бүх дэлхийд бүрэн гэрэлтэж, гудамж талбай өнцөг булан бүрийг гийгүүлж чаддаггүй. Тиймээс Хятадууд шинэ сар бүтээхээр төлөвлөжээ.
Ченду сансрын шинжлэх ухаан, технологийн микроэлектроникс тогтолцоо судалгааны компани бодит сарнаас найм дахин илүү гэрэлтдэг хиймэл сар хийж эхэлсэн байна.
Сарыг хиймэл дагуулаар орлуулж, Ченду хотын шөнийн гудамжийг гэрэлтүүлнэ гэжээ. Туршилтын ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд 2020 оноос хиймэл сарыг ашиглана.
Хятадууд гудамж талбайгаа шөнийн цагт илүү тод гэрэлтүүлэхээр хиймэл сар бүтээж байхад дэлхийн нөгөө талд дэлхийг илүү харуй бүрий болгохоор судлаачид ажиллаж байна.
2016 онд хийсэн судалгаагаар АНУ, Европын газар нутгийн 80 хувь, оршин суугчдын 99 хувь нь орчны гэрлийн бохирдолд өртөж байна гэжээ. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл барилга, гудамжны хиймэл гэрлүүдийн хугарлаар эвдэрсэн байдаг.
Флагстаф, Аризона, Кетчум, Идахо хотууд шөнийн гэрлийн тусгалыг бууруулахаар идэвхтэй ажиллаж байна. Мөн Олон улсын бүрэнхий тэнгэрийн холбоо гэж байдаг ба цэцэрлэгт хүрээлэн, суурин зэрэг газруудыг нэмэлт хуурамч гэрэлгүйгээр байгалийн бодит гэрлийг тусгахаар үйл ажиллагаа явуулдаг байна.
Орчны гэрлийн бохирдол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Тухайлбал нойргүйтэхэд хүргэдэг. Нойргүйтсэнээр хорт хавдар тусах, жин нэмэх, сэтгэл санаагаар унах гол үүсвэр болдог.
Түүнчлэн зэрлэг онгон байгалийн ан амьтдын өдөр тутмын хэмнэлийг ч өөрчлөх эрсдэлтэй гэнэ.
Эх сурвалж: www.qz.com