Энэ удаагийн парламент Сонгуулийн тухай хуулинд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 13:45 минутад бүхэлд нь баталлаа. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр уг хууль батлагдсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан нь энэ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбарласнаар энэ долоо хоногт багтаан уг хуулийг батлахгүй бол "тухайн жилийн УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсан байх ёстой" гэсэн заалтыг зөрчих гээд байсан тул ийнхүү анхны хэлэлцүүлгээр нь "шуудрууллаа".
Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярын эсэргүүцэж, олны анхаарлын төвд аваачсан "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй" гэдэг заалт хэвээр батлагдлаа. Уг нь энэ саналыг хасах саналыг байнгын хорооноос гаргасан ч эцсийн мөчид нэгдсэн чуулган дээр гишүүдийн олонхи дэмжээгүй тул уг заалт хэвээр батлагдсан юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, тэр нь шүүхээс ял сонсох хэмжээнд баталгаажсан бол улс төрд бүх насаараа орж болохгүй боллоо.
76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох буюу 2008 оны хувилбар
Энэ удаагийн хуульд оруулах гэж байсан томоохон өөрчлөлтийн нэг бол 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбар дэмжигдсэнгүй.
Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй, мөн иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл гарч байна гэсэн үндэслэлээр төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй гэж үзээд 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг дэмжсэн юм.
Дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ
Нэр дэвшигчид 5-20 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно
Хуулийн анхны өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байж болохоор тусгасан ч хэлэлцүүлгийн явцад иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байж болохоор өөрчиллөө.
Сарын өмнө "шилжиж" ирдэг "царцаанууд" байхгүй болно
Өмнөх хуулиар сонгуулийн санал хураалтын өмнө 30 хоногоос доошгүй хугацаанд шилжилт хөдөлгөөнийг түр хориглодог байсан бол энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээхээр тусгалаа.
Ирц 50 хувьд хүрээгүй хэсгийн хороо тус бүрт санал хураалт дахин явуулна
Хуулийн төслийн 80 дугаар зүйлд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов.
Цагаан сонголт "боломжгүй"
Хуулийн төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгалаа. Өөрөөр хэлбэл "Цагаан сонголт" буюу сонгох хүн байхгүй гэсэн шалтгаан энэ удаагийн хуулиар хүчингүйд тооцуулах хүчин зүйл болсон.