Австрийн нийслэл Вена хотын алдарт балетын академи залуу бүжигчид, сурагчдаа жингээ хасахын тулд тамхи татахыг шаардаж, дээрэлхэн доромжилж байсныг шалгалтын үеэр тогтоожээ. Засгийн газраас томилсон ажлын хэсэг Вена хотын улсын дуурийн театрын академи сурагч хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг үл тоомсорлож байсныг олж мэдсэн байна.
CNN агентлаг улсын дуурийн театртай холбогдоход сурагчдын үзүүлбэрийг хэдий нь багасгасан ба мэдээллийг судалж, шалгасны дараа тодорхой мэдээлэл өгнө гэжээ.
Австрийн Falter хэвлэлд өнгөрсөн дөрөвдүгээр сард дуулалт бүжиг буюу балетийн ангийн сурагч оюутнуудыг бие, сэтгэц, бэлгийн дарамтад оруулж байсан тухай мэдээллийг нийтэлж байсан юм. Энэ удаад Австрийн долоо хоног тутмын хэвлэлд ердөө 11 настай залуу сурагчдыг шалбартал нь шийтгэх, жингээ хасахыг хатуу аргаар дарамталж, доромжилж байсныг гэрчлэх ажлын хэсгийн баримтыг танилцуулсан. Мөн сурагчид жин нэмж, замбараагүй хооллож эхэлбэл тэднийг бэлтгэл сургуулилалт хийхийг шууд хориглодог байна. Залуу бүжигчдэд жингээ хасахын тулд тамхи татаж эхлэхийг тулгаж байсан нь тэдний эрүүл мэндэд хор хөнөөлтэй хүнд нөхцөл юм.
Дэлхийд алдартай дуурийн театрын захирал Доминик Мэйер урьд өмнө сурагчдад зүй бусаар хандаж байсан багш халагдсан бөгөөд энэ удаагийн мэдээллийг дахин нягтлахыг хүсч байна гэжээ. Францын улс төрч асан Мэйер 2010 оноос хойш Венийн дуурийн театрыг удирдаж байна. Ирэх жил Миланы алдарт Ла Скала дуурийн даргаар томилогдохоор яригдаж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com