Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2019-12-19/ хуралдаанаар УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Сонгуулийн хуулийн төсөл дэх зарим заалтыг хэлэлцэж санал хураалаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар зарчмын зөрүүтэй санал өгч байнгын хороо, чуулганаар дэмжүүлээд байсан тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь заалтыг хасахыг дэмжих, эсэх санал хураав. Ингээд байнгын хороны гишүүдийн 81.8 хувийн саналаар тус заалтыг хаслаа.
Энэ заалт нь “Шүүхээр авлига, албан тушаалын хэрэгт буруутай гэдэг нь тогтоогдож, ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” тухай юм. Энэ заалт нь хүний эрхийг насан туршаар нь хязгаарласан, Үндсэн хууль, Хүний эрхийн конвенцийг зөрчиж байна гэдгийг Үндсэн хуулийн цэц 2008 онд тогтоол гаргаж шийдвэрлэсэн байдаг.
Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн сонгуульд нэр дэвшиж УИХ-д ороод ирэх вий. Цаашлаад бүрэн эрхээр хаалт хийх вий гэсэн болгоомжлолд АТГ-ын ажлын хэсгээс “Нэр дэвшигч, цаашлаад УИХ-ын гишүүнийг ч аль нэг асуудлаар гэмт хэрэгт холбоотой бол шалгах боломж нь нээлтэй байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Ийнхүү УИХ Цэцийн дүгнэлттэй зөрчилдсөн заалтууд дээр шинэчилсэн найруулга хийж Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Өнөөдөр /2019-12-20/ хуралдах УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.