Өчигдөр /2019-12-19/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Багажаа ариутгаагүй шүдний эмнэлгүүд цочмог халдварт шар өвчин тарааж, олон хүн В, С вирусын халдвар авчээ” гэсэн гарчигтай ташаа мэдээлэл гарсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас залруулга тайлбар гаргажээ.
Тус мэдээлэлд дурьдагдсан асуудал нь энэ оных бус харин тус байгууллагаас 2014 онд хийсэн хяналт, үнэлгээний зарим тоо баримтыг ашигласан хэмээн үзэж байна. Учир нь шүдний эмнэлгийн тоо таарч байгаа хэдий ч илэрсэн зөрчлийн тухай мэдээлэл илт зөрүүтэй байна.
Тухайлбал НЭМГ-аас хийсэн шалгалтаар шүдний эмнэлгүүд цочмог халдварт шар өвчний халдварыг тарааж байгааг олж илрүүлсэн, нотолсон гэх мэтээр бичсэн нь албан ёсоор батлагдаагүй, эх сурвалж тодорхойгүй буруу ташаа мэдээлэл юм. Халдварыг тарааж байгааг нотлох тандалт, судалгаа, шинжилгээг мэргэжлийн болон хяналтын байгууллагаас хийдэг болно.
Манай газар нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад тодорхой үе шаттайгаар хяналт тавьдаг болно. Тухайлбал 2014 онд 84, 2015 онд 92, 2018 онд 310, 2019 онд 90 шүдний эмнэлэгт 2 удаагийн хяналт, үнэлгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран хийж, мэргэжил арга зүйгээр ханган, сургалт зохион байгуулан ажилласнаас гадна шаардлага хангахгүй байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээг авч ажилласан. Бид энэ үйл ажиллагаагаа цаашид ч үргэжлүүлэн хийх болно.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа хариуцлага хүлээж, тусламж үйлчилгээнийхээ эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд онцгой анхаарч дотоод, гадаад хяналтыг тогтмол тавьж ажиллах үүрэгтэй тул хүн бүр эмчилгээ, үйлчилгээ авч буй эмнэлгийнхээ үзүүлж буй тусламж, үйлчилгээ болон эмнэлгийн багаж хэрэгслийн ариун байдалд хяналт тавьж, эрсдэлээс сэргийлж байхыг зөвлөж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар