Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт асч буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байсан сайн дурын хоёр гал сөнөөгч амиа алдаж, гурван гал сөнөөгч хүндээр түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд байна. Ойн түймрийг унтраахад тусалж байсан хоёр иргэн том оврын машинтай цуваанд явж байх үед шатаж байсан мод дээрээс нь унаж амиа алдсан гэж The Guardian мэдээлжээ.
Уг ослын улмаас машиныг жолоодож байсан болон урд суудалд хажууд нь сууж байсан иргэн амиа алдсан. Тэдний зорчиж байсан цуваа онц байдал зарлах хүртэл хэмжээнд шатаж байгаа түймрийн голомт руу ойртож байжээ. Хүндээр түлэгдэж шархадсан гурван гал сөнөөгчийг эмнэлэгт хүргэсэн гэжээ. Осол Сидней хотоос баруун урагшаа ердөө 100-аад км-т Бакстон тосгонд гарсан.
Австрали улсад энэ долоо хоногт агаарын температур хэт халж цельсийн 45-48 хэм хүрэхийг анхааруулж байгаа. Цаг агаарын хэт халалт, хуурайшилт, ойн түймэртэй холбогдуулан Засгийн газраас онц байдал зарласан. Шинэ Өмнөд Уэльсийн нутагт одоогоор 100 гаруй ойн түймэр асч, 40 гаруй айлын байшин эд хөрөнгө шатсан байна. Онц байдлын дүрэм журам энэ долоо хоногийн пүрэв гарагаас ирэх пүрэв гараг хүртэл долоо хоногийн хугацаатай хэрэгжинэ.
Өнгөрсөн саруудад түймрийн улмаас амиа алдсан иргэдийн тоо зургаа боллоо. Энэ бямба гарагт Австралийн түүхэн дэх хамгийн хүнд өдөр тохионо хэмээн эрх баригчид анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com