Өмнөговь аймгийн гурав дахь боомт буюу “Цагаан дэл уул-Өлзий” боомтыг шинээр нээж, тухайн чиглэлд автозам тавихаар болсон. Уг боомтыг нээснээр байгаль орчныг сүйдэлж, нутгийн иргэдийг хохирооно хэмээн Өмнөговь аймгийн иргэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
“Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр:
Өмнөговь аймгийн Хүрмэн суманд байрлах “Дэл цагаан уул-Өлзий” боомттой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Бид өчигдөр төрийн ордонд “Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийг хийсэн. Уг хэлэлцүүлгийн үеэр “Цагаан дэл уул-Өлзий” боомтыг нээж болохгүй гэдгийг олон талаас нь хэлж тайлбарласан. Сумын бүрийн төлөөлөл та бүхэнд өөрсдийнхөө тайлбарыг хэлэх байх.
“Цагаан дэл уул-Өлзий” боомтыг нээх асуудал 2006 оноос яригдаж, 2014 онд Засгийн газрын 42 дугаар тогтоолоор аялал жуулчлалын зориулалтаар нээхээр болсон боловч яваандаа нүүрс тээврийн хатуу хучилттай зам тавихаар ярьж эхэллээ. Уул уурхайд талхилагдаагүй үлдсэн Өмнөговь аймгийн сүүлчийн газар нутгийг энэхүү боомтоор сүйдлэх гэж байгааг бид эсэргүүцэж байна. Монгол, Хятадын компаниуд Өмнөговь аймагт үлдсэн сүүлчийн онгон дагшин газрыг сүйдлэх гэж байгаатай эвлэрэхгүй. Одоо Өмнөговьд байгаа Гашуун сухайт боомт нь хамаг муу муухай бүхэн үүрлэсэн газар болсон. Иймд энэ боомтыг хэрхэвч шинээр нээж болохгүй гэв.
Хүрмэн сумын иргэн:
Монгол Улсын баялгийг урд хөрш рүү зөөж дуусгах шинэ боомт удахгүй нээгдэх гэж байна. Энэхүү боомтыг нээснээр бэлчээр усны хомсдол үүсэхээр байгаа учраас сумын удирдлагууд ард иргэдтэйгээ хамтарч эсэргүүцлийн аяныг эхлүүлээд байна. “Цагаан дэл уул-Өлзий” боомтыг олон жил ярьсны эцэст сүүлийн хоёр жил маш идэвхтэйгээр хийж эхэллээ. Маш их хэмжээний барилгын материал ачсан шалаанз, том машинууд байнга явснаас үүдэн цагаан тоос ихээр босож, зам харгуйг олноор гарган бэлчээрийг сүйдэлж эхэллээ. Үүнээс үүдэн том компаниуд болон малчдын хооронд байнгын зөрчил маргаан гарч байна.
Ханхонгор сумын иргэн:
Шинэ боомт руу очих нүүрс тээврийн хатуу хучилттай зам тавигдаж эхэлснээр малын бэлчээрийг хоёр хувааж, булаг шанд ширгээх эрсдэл бий болоод байна. Манай сумыг дэлхийн байгаль хамгаалах сангаас судлаад “Дэлхийд үлдсэн хамгийн сүүлчийн онгон дагшин газар гэж тогтоосон. Энэ газрыг хөндөхгүй байх үүрэг амлалтыг Монголын Засгийн газар өгсөн. Манай сумын тэрхүү онгон дагшин байгальд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ухаж хөгжүүлэх бус урьж хөгжүүлээч хэмээн төр засгаасаа хүсэж байна. “Цагаан дэл уул-Өлзий” боомт нээгдвэл Өмнөговь аймгийн сүүлчийн ариун дагшин газар сүйднэ гэв
Номгон сумын иргэн:
Манай сумын газар нутгийг 30 гаруй км урттай нүүрс тээврийн засмал зам дайрч өнгөрөхөөр байгаа. Замын трасс гарсан яг тэр хэсэгт маш их зэрлэг ан амьтан байрладаг. Сумын иргэдэд хамааралтай уг асуудлыг ИТХ нь шийдэх ёстой байтал ганцхан Засаг даргын гарын үсгээр шийдвэрлэсэн байгаад гайхаж байна.