АНУ-ын Калифорни мужийн Фресно Йосемитийн олон улсын нисэх буудалд төмөр хашлага даван орж, онгоц хулгайлж, осол хийсэн өсвөр насны охины хэргийг цагдаа нар шалгаж байна.
17 настай охин Кинг Эйр 200 нэртэй хувийн жижиг онгоц хулгайлж байгаад баригджээ. Нисэх буудлын албаны хүмүүс охин орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө нисэх буудалд онгоцыг хулгайлж жолоодохыг оролдон, улмаар нисэх буудлын хашлага руу мөргөж зогссон байна.
Фресно хотын цагдааг ирэхэд охин онгоцны нисгэгчийн бүхээг дотор сууж, чихэвч зүүсэн байжээ. Онгоц хашлага мөргөснөөс эвдэрч нислэг үйлдэх боломжгүй болжээ. Өсвөр насны охин чухам ямар сэдэлтэйгээр онгоц хулгайлахыг оролдсон нь тодорхойгүй ч урьдчилсан байдлаар дотоодын терроризмын хэрэгт холбогдолгүй гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Охиныг байцаах үед толгой нь эргэсэн байдалтай, цагдаагийн асуултад хариулж хамтран ажиллах сонирхолгүй байсан гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com