- МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, МАНАН дэглэмийн эсрэг ард түмний эвслийн гишүүд болон өмгөөлөгч Г.Оюунцэцэг,Т.Чимгээгийн ах нар Улсын ерөнхий прокурорын удирдлагуудад 2019-12-17 ны өдөр шаардлага хүргүүлэх тухай албан бичиг өгсөн. Албан ёсны хариуг өнөөдөр /2019-12-19/ өглөө -
УЕП-ын прокурор О.Машбат "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэлд. УЕП-ын газарт гаргасан албан бичгийг хүлээн авч танилцан, та бүхний төлөөлөлтэй уулзсан. Авч байгаа арга хэмжээний талаар таилцуулсан. Гэмт хэргийн шинж бүхий мэдээ мэдээллийн дагуу цаг алдалгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажиллаж байна. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг байгуулан ажиллаж байна. С.Зориг агсныг алсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэх хэргээр нэр бүхий албан тушаалтнуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хэрэгт зааснаар тухайн хэргийн оролцогч нар мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицуулсан тул та бүхэнд тухайн эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Хуулинд зааснаар шүүхийн урд гарсан хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй. Харин прокурорын зүгээс тэдний эрүүл мэндийн байдалд хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж байна" гэлээ.
Өөрөөр хэлбэл "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ийн тавьсан шаардлагын дагуу Т.Чимгээг 48 цагийн дотор суллах хууль эрхзүйн боломж байхгүй гэдгийг хэллээ.