Испанийн Каталони мужид байдаг Европын хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн Ноу Кэмпэд Барселона болон Реал Мадрид багуудын тоглолт болсон байна. Тоглолт халуухан өрнөж 0-0 харьцаатайгаар өндөрлөсөн боловч цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа жагсагчид болон цагдаа нарын ширүүн мөргөлдөөн болжээ.
Каталаны тусгаар тогтнолыг шаардсан хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид жагсагчидтай нэгдэн Каталони мужид тусгаар тогтнолыг зарлах бүх нийтийн санал хураалтыг хууль ёсны дагуу зөвшөөрөхийг эрх баригчдаас шаардсан байна. Тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэн дотор нэвтэрсэн дэмжигчид ч мөн Испанийн Засгийн газар Каталаны бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч, уулзалт хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан самбар, үзүүлэн барьжээ.
Хоёр том багийн тоглолт эхлэхээс өмнө Каталаны жагсагчдын нууц бүлэг болох Ардчиллын цунами Твиттер хуудсаараа дамжуулан хөлбөмбөгийн тэмцээнийг үзэхээр ирэх хөгжөөн дэмжигчдэд зориулж 100,000 гаруй уриалах хуудас бэлдсэн гэжээ. Ингэснээр тэд дэлхий дахинд өөрсдийн хүсэл зорилгыг харуулахыг хүссэн байна. Дотор байсан хөгжөөн дэмжигчид “эрх чөлөө” хэмээн уриалан хашгирчээ.
Испанийн Засгийн газар Ардчиллын цунами нэртэй бүлгийг гэмт хэргийн байгууллага гэж үздэг. Энэ аравдугаар сард тус бүлэг өргөн хүрээг хамарсан жагсаал тэмцлийг Барселоны нисэх буудалд зохион байгуулж, төв замыг хаасан. Мөн Европт нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог Барселоны хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа жагсаал үргэлжилснээр хоёр багийн тоглолт хоёр сарын хугацаатай хойшилсон юм. Тухайн үед Цагдаа нар Каталаны салан тусгаарлагчдыг удирддаг есөн хүнийг баривчлан саатуулж, 13 хүртэл жилийн хорих ял оноосон.
Харин энэ удаад жагсагчид бууж өгөлгүй тэмцэж, цагдаа нартай мөргөлдөх үеэр 12 хүн гэмтэж шархаджээ. Тэд цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах хогийн савуудыг шатааж, түр бэхлэлт босгосон байсныг цагдаа нар нурааж цэвэрлэсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com