ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр нь XIII зууны үед хамаарах "Чингисийн чулууны бичиг" дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн байна. Харин ерөнхий сайд уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй "Чингис хаан" музейд хадгална гэдгээ тухайн үед онцолжээ.
"Чингисийн чулууны бичиг" нь Монголын уран бичлэгийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн байна. Хуралдайн үеэр Чингис хааны ач хөвүүн Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.
Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь XIII зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилдэг ажээ.
Гэрэлт хөшөөг 1224 он юмуу, эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. Харин "Чингисийн чулууны бичиг"-ийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар 5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ. Одоо уг гэрэлт хөшөө Санктпетрбург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байгаа юм.