Өмнөд Солонгосын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун Ромын пап Францисыг Пхеньянд айлчлахыг урьсан байна. Ромын пап урилгын талаар нухацтай бодож үзээд хариу хэлэхээ илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ватиканд айлчлах үеэрээ үндэс угсаа нэгт ахан дүүсийнхээ урилгыг дамжуулсан байна. Ким Жон Ун удирдагч гадаад харилцаагаа хөгжүүлэхээр ойрын үед Өмнөд Солонгос, Хятад, АНУ-уудтай удаа дараа дээд хэмжээний уулзалт хийж байгаа.
Гэсэн хэдий ч Пхеньянд урьд өмнө нь нэг ч Ромын пап айлчилж байгаагүй. Ватиканы хэвлэлийн төлөөлөгчид урилгын талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.
Хэрэв Ромын пап Умардад айлчлахаар болбол маш хүнд сорилт, дарамттай нүүр тулна гэж шинжээчид ярьж байна. Учир нь Пхеньянд шашин шүтэх эрх хаагдмал, нэн ялангуяа итгэл үнэмшлээсээ болж баривчлуулах, хэлмэгдэх, хоригдох хүртэл хүнд шийтгэл амсдаг.
“Нээлттэй хаалга АНУ” байгууллагын өгсөн мэдээллээр Умард Солонгост Христийн шашин шүтдэг 50,000 хүнийг хорих лагерь, албадан хөдөлмөр хийж дахин боловрол эзэмшүүлэх төвүүдэд хорьж саатуулсан байдаг гэжээ. Мөн Умард Солонгост аялж байсан өрнөдийн иргэдийг шашин шүтлэгээрээ төрийн эсрэг тэрсэлсэн гэж үзэн барьж хорьсон тохиолдол саяхныг хүртэл гарч байсан.
Умард Солонгост төрийн мэдлийн хэд хэдэн сүм байдаг ч иргэдийг бие даан шашны үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Ромын пап Пхеньянд айлчилбал нөгөө талаар дэлхийн энх тайвны томоохон бэлгэ тэмдэг болох төдийгүй Умард Солонгосын хүний эрхийг олны анхаарлын төвд аваачих эерэг талтай гэж зарим шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: www.cnn.com