БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц газардуулагч Шандон хөлгийг албан ёсоор ашиглалтад оруулахаар хүлээлгэн өглөө. Барууны хэвлэлүүд Хятадын дарга Си Зиньпиний тэнгисийн цэргийн салбарын хөгжлийг дэлхийн ангилалд аваачих хүсэл эрмэлзэл биеллээ олоход чухал алхам болж байна хэмээн бичиж байна.
Төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар Си Зиньпин дарга мягмар гарагт Хайнань мужид зочилж Шандон хөлгийг ашиглалтад оруулах хүндэтгэлийн арга хэмжээнд биечлэн оролцжээ. Ийнхүү тус хөлөг Ардын чөлөөлөх тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж байна.
Шандон нь Хятадын тэнгисийн цэргийн флотын хоёр дахь нисэх онгоц газардуулагч аварга хөлөг юм. Анхны хөлөг Лиаонингийг 1998 онд Украйн улсаас худалдаж авч, Орос Зөвлөлтийн үеийн хөлөг онгоцыг дахин засварлаж ашиглаж байжээ.
Хятадын анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн Шандон хөлөг Лиаонингтай адил цанаар үсэрдэг замтай төстэй буюу үзүүр нь дээш өндөрлөсөн хэлбэртэй юм байна. Нэрийг нь мягмар гарагт ашиглалтад оруулахдаа албан ёсоор олон нийтэд зарласан гэжээ. Өмнө нь загвар 001А хэмээн нэрлэж байжээ.
Ажиглагчдын дурдсанара Лиаонинг хөлгийг бэлтгэл сургуулилалтад түлхүү ашиглаж байсан бол Шандон чухал үүрэг даалгавар гүйцэтгэхээр далай тэнгист аялахаар бүтээгдсэн гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com