Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлсэн боловч ид үе хараахан идэвхжээгүй байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид Улаанбаатар хотын эмнэлгүүдээс ирсэн 13 сорьцод шинжилгээ хийхэд долоон сорьцод риновирус, нэг сорьцод иж томуу, нэг сорьцод бокавирус илэрчээ. Томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 2019 онд 104 мянга гаруй хүнийг хамруулсан байна. Одоогийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авагчдын 6.7 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үзүүлэлттэй байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас дурдав.
Томуугийн дэгдэлтийг 15 хувьд хүрвэл улс орон даяар хөл хорио тогтоодог. Одоогоор тийм байдалд хүрээгүй байна гэж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан хэлэв.
Тэрбээр “Азийн бүс нутагт А хүрээний вирусийн дэгдэлт гараагүй. Манай улсад В хүрээний вирусийн цөөн тохиолдол бүртгэгдсэн. Гадуур тархаад байгаа вирус бол ханиадных. Олон төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиаданд бага насныхан өртөмтгий байдаг. Тиймээс эмнэлгүүд ачаалалтай байгаа юм. Амархан хатгалгаа боллоо гэж яриад байна. Вирус нь анхдагч болон хоёрдогч хэлбэрээр хатгалгаа үүсгэдэг.
Анхдагчаар хатгалгаа үүсгэсэн тохиолдолд уушгины завсрын эд үрэвсдэг. Нөгөөтэйгүүр хүний биеийн дархлаа дарангуйлагдсаны улмаас нянгийн халдвар авч, хоёрдогч төрлийн хатгалгаа болж хүндэрч байна. Хүүхдүүд голдуу хоёрдогч төрлийн буюу нянгийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байна. Нярай болон бага насныхан хатгалгаагаар хүндэрч байгаа нь эцэг, эхчүүдийн хариуцлага хүүхдийн дархлаажуулалттай холбоотой.
Хүүхдийн дархлаа муу байх тусам дахин дахин хатгалгаа авах магадлалтай байдаг.
Амьсгалын замын өвчлөл элбэг байгаа учраас дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн бямба гарагт 10-16 цагийн хооронд ажилл аж байгаа. Өрхийн эм нэлгүүд ч 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл эцэг, эхчүүд ажилтайгаараа шалтаглаж, өрхийн эмнэлэгтээ хандахгүй амралтын өдөр шууд дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ачаалал үүсгэдэг. Уг нь ажлаасаа ганц хоёр цагийн чөлөө аваад хүүхдээ үзүүлж болно шүү дээ. Манайхан дэндүү хариуцлагагүй байна” гэсэн юм.
Мөн нийслэлийн эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчний үед 1033 ор ашиглаж, өвчлөгсдийг хэвтүүлэн эмчлүүлж байгаа бол орны хүрэлцээг нэмэгдүүлж, 1001 ор нэмж хуваарилсан байна. Хэдийгээр орны хүртээмж хангалттай байгаа ч иргэд эрүүл мэндийн анхан шатны мэдлэггүйн улмаас ачаалал үүсгэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн эмч нар дотоод хяналт сайн тавих ёстойг анхаарууллаа. Ялангуяа, ханиад томуутай хүүхдийг хүлээж авахгүй байх хэрэгтэй гэдгийг НЭМГ-ын мэргэжилтэн сануулсан юм.
Томуугийн улирал гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжилдэг учраас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжихэд илүү анхаарах хэрэгтэй аж.
Одоогоор манай улсад аденовирус, коронавирус, покавирус гээд олон төрлийн вирус дэгдэлттэй байна. Эдгээр вирус нь мутацид орж өөрчлөгдөж буй учраас эмчилгээг нь байнга өөрчлөх шаардлага тулгардаг ажээ.