- 2019 оны есдүгээр сараас эхэлж орон даяар үргэлжилсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх чуулган өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд болж байна. "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээс дараах мэдээллийг бэлтгэлээ -
"Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл" ТББ-ын тэргүүн Г.Адилбиш "Дорнод аймаг нийт 12 сая га газартай. Түүний 5 сая га газарт буюу 17, 18, 19, 20, 21, 28-р талбайд газрын тосны лиценз олгосон.
Өнөөдөр нутгийн иргэд, малчид уух усгүй, идэх өвсгүй хэцүүдэж байна. Мэргэжлийн байгууллага хяналт тавьж үйл ажиллагааг нь зогсоодог ч түүнийг үл тоон ажилласаар л байна. "Петро чайна Дачин тамсаг" ХХК-та л гэхэд сум орон нутгийн иргэдийн тэмцдэг ч үр дүнд хүрэхгүй байна. Дорнод аймгийг сүйтгэчихээд байхад дахиад "Петро матад" ХХК-ийн 20-р талбайд лиценз нэмээд өгчихсөн.
Дорнодчууд маш их гомдол, бухимдалтай байна. Цагаан зээр ховордсон. Мал бэлчих талбайгүй болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд анхны ерөнхийлөгч "Азийн бар болно" гэж дээлээ мялааж байсан нь гашуун түүх болж үлдсэн. Газрын тосоо өгчвөл улсаа "Азийн бар" болно гэж бид итгэж хүлээсэн. Гэвч харамсалтай нь худал байжээ.
Өнөөдөр Петро матад компани Хэрлэн голоос 20 хон км зайд газрын тос олборлож, усыг нь ховх сорж байна. Хөрсөнд нь хамаг хороо асгаж байна. Уг нь Дорнод аймаг 2018 онд гүний усны уурхайд ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнийхээ төлөө уул уурхайн сайдад загнуулсан. Петро чайна дачин тамсаг компани гүний усыг зөвшөөрөгдөх хэмжээнээс нь бараг 300 дахин их ашиглаж хөрс, ургамалд маш их сөрөг нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн хяналт тогтоогоод байхад уул уурхайн сайд өмөөрдөг.
Иргэд нь мянга орилоод дийлэхгүй байна. Бүр шүүхийн шийдвэр гарч орон нутагт нь хөрөнгө оруулах гэрээ байгуулахыг даалгаад байхад ч шүүхийн шийдвэрийг үл тоож байна. Ийм төр засагтай байгаадаа бид харамсч байна. Бид 4 аймгийн нутагтай тэнцэхүйц хэмжээний 5 сая га газраа ухуулмааргүй байна" гэлээ.