- Газарзүйн эрдэмтэн, профессор О.Сүхбаатартай товч ярилцлаа -
-Монголын хамгийн том агуйнуудыг уул уурхай сүйтгээд дуусгалаа гэж та сая хэллээ. "Цагаан дэл"-ийн агуйг жишээ болгож байна?
-Уул уурхайн замбараагүй үйл ажиллагааны уршгаар Монголын аялал жуулчлалын гол үзмэр болох агуйнууд нилээн хэлмэгдэж байна. Жишээ нь Дорноговь аймгийн Айраг суманд буй "Цагаан дэл"-ийн агуй юм. Монголд судлагдаад байгаа хамгийн том буюу урт агуй шүү дээ. 1987 онд биднийг анх судалж ороход эгцээрээ 550 гаруй метр урт таширалдсан, 700 орчим метрийн урттай маш үзэсгэлэнтэй агуй байсан. Жоншны судал туссан учраас солонгорсон маш сайхан агуй байсан. Гэтэл жоншны уурхайнууд эргэн тойронд нь ажиллаж, зарим уурхай дотор нь бүр тэсэлгээ хийж жоншыг нь ашигласан. Хананд нь байсан цагаан кварцуудыг нь авсан. Хананд нь цементэнд шатнууд цутгаж зөөчихсөн байсан.
Одоо цагаан саарал хонгил маягтай л болж үзэсгэлэнт байдал нь алдагдсан. Ингээд зогсохгүй агуйг тойроод 12 тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ бол маш харамсалтай. "Цагаан дэл"-ийн агуй бол аялал жуулчлалын маш чухал бүс. Үүнийг сүйтгэхгүй байхад анхаараасай гэж хүсч байна. Агуй нурах байдалд орсон.
Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн газар дээр нь очиж сурвалжилаасай. Ойрхон Нартын хад, Халзан уулын рашаан гэх мэт үзэсгэлэнт газар тойроод бий.